ШВЕЙЦАРИЙН ТӨВИЙГ САХИХ БА МОНГОЛ !!!

Дашдоржийн Баярхүү
/МУИС-ийн Олон улсын харилцаанц сургуулийн ахлах багш, профессор/

Шинэ толь №78, 2015

ШВЕЙЦАРИЙН ТӨВИЙГ САХИХ БА МОНГОЛ

Түлхүүр үг: 

Нэг. Европын улсын хувьд тэдний бодлого нь зөв

УИХ-д өргөн баригдаад буй Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн III бүлгийн 1-р зүйлд “Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй” хэмээн заасны үнэн мөнийг дэнслэхээр Швейцарийн Холбооны Улсын (ШХУ) ГХЯ-ны холбогдох нөхөдтэй зөвлөлдсөнөө дор толилуулж байна.

Төвийг сахина гэдэг нь Швейцарийн туйлын зорилго бус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг нь хангах арга зам, төвийг сахих бодлого нь уян хатан байх ёстой. Манай улс байнга төвийг сахих бодлого сонгосноороо хоёр талын харилцаанд өөрчлөлт орохгүй төдийгүй харин ч эерэг талууд гарч ирнэ гэж тэд зөвлөж байв. “Хүйтэн дайн” дууссанаас хойш тус улс гадаад бодлогоо эрс идэвхжүүлсэн, ялангуяа олон улсын янз бүрийн мөргөлдөөн хямралыг зохицуулахад дипломат ур ухаан, авьяас чадвараа нээн ажиллуулж байгаа. Үүнд зааг, хязгаар, загварчлал байхгүй хэмээн өөрсдөө үздэг. Төвийг сахих зарчмуудаа ч уян хатан болгож байна.

“Швейцарийн нейтралитет” (Швейцарийн төвийг сахих) гэж онцгой, чухал, өвөрмөц бодлого байдаггүй, өөрөөр хэлбэл тус улсын гадаад бодлого, хамтын ажиллагааг хязгаарласан, боймлосон тусгай зүйл байддаггүй тул ямар гадаад бодлого явуулах нь өөрийнх нь үзэмжийн асуудал байдаг аж. Гэхдээ энэ улс нь аль ч цэргийн эвсэл, Европын Холбооны гишүүн биш. Харин Европт болон дэлхийн дахинд гарсан өөрчлөлтүүдийг гадаад бодлогодоо тусгахыг хичээх болсон. Европын Холбооны интеграц хүрээгээ тэлж буй тул төвийг сахих зарим зарчмаа зөөлрүүлж, 2001 онд Швейцарь-Европын Холбооны салбарын гэрээний эхний бүлэг гэрээ, 2004 онд хоёр дахь бүлэг гэрээ байгуулсан, үүгээр энэ улсыг Европын Холбоонд альтернатив байдлаар нэгдчихсэн гэж үздэг. 2005 онд явуулсан нийт үндэсний референдумаар Швейцарийг Шенгенийн гэрээнд оруулсан, гэвч Европын Холбоонд нэгдэх тухай асуудал бол стратегийн зорилт биш, зөвхөн хамтын ажиллагааны нэг боломж гарц юм гэх үзэл тэр улсад давамгайлсаар байна. Хоёр. Дотооддоо төвийг сахисан туршлага

“Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр яг синоним үгс болжээ. Швейцарийн эрдэмтэн Эдгар Бонжурын хэлснээр швейцарийн нейтралитет гэдэг ойлголт швейцарь улс үндэстэн үүссэн цаг үетэй хамт буй болжээ. XIII-XIV зууны үед феодалын олон гүнлэгүүд өвөр хоорондоо ширүүн тулалдаж, цус их урсаж байх үед «stille zu sitzen» (үгчилбэл номхон хүлцэнгүй, дуугүй сууж бай) гэдэг ийм нэг хэлц үг гарсан нь хожим нейтралитет буюу төвийг сахих гэж хэвшсэн аж. Швейцарь нь төвийг сахина гэдгээ тусгаар тогтнол, эв нэгдэл, Швейцарийн эрх ашгийг хамгаалах, өөрийн улс үндэстний онцлог төрхөө хадгалах гол хэрэгсэл, ялангуяа улс үндэстнээ нэптэх, зохион байгуулах нэгтгэгч үзэл суртал, конфедерацын төрийн шинэчлэлд тулгуур үзэл хэмээн үздэг байна.

Тус улс 2324 коммун, тэдгээрийг нэпгэсэн 26 кантонтой. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац буюу “Холбооны Улс”. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улсад төвийг сахисан байдлаар л улс төрдөө хандсан байна.

Юуг хэлж байнав гэхлээр төр-засгийн бүтэц нь нэн энгийн, авсаархан, бүх төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн, холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль топоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх. Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7 гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой. Ерөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа хүн нь тэр улсын Төрийн тэргүүн биш гэхчлэн. Ерөнхийлөгч нь төр тэргүүлдэггүй цорын ганц улс л тэр байна.

Гурав. Авсаархан төрийн туршлага Монголд хэрэгтэй

Авсаархан, цомхон төр гэдгийг ШХУ нь Ерөнхийлөгчгүй, Ерөнхийлөгчийн аппаратгүй, орон тооны нүсэр Засгийн газаргүй, байнгын бус гишүүд бүхий парламенпай гэдгээр хэлж буй хэрэг. Тус улсын Ерөнхийлөгч гээд байгаа тэр хүнийг нь ард түмнээс сонгохгүй, парламентаас нэг жилээр сонгоно. Тэрээр аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Нэг жилийн настай танхимын тэргүүн. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Бас нэг сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэтээлжлээд байна. Одоогийн Ерөнхийлөгч нь Шүүх ба цагдаагийн яамыг 2010 оноос толгойлж буй хатапай Симонепа Соммаруга. Тэрээр 2014 Шинэ толь -№78

онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажилласан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь “яам” гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь “сайд” гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ.

Энэ нь сайд дарга гэж онцгой эрх дархтай, нэр хүндтэй эрхмүүд байдаггүй, өөрөөр хэлбэл улс төрдөө төвийг сахиж буй хэлбэр нь тэр болох аж. Парламент нь хоёр танхимтай. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь. Парламент дахь суудлын тоогоор тэр 7 яамны сайд нь тодорно. Гэхдээ их хурлын 246 гишүүнийг улс тэжээж, цалинжуулж, тэднээр хууль тогтоолгож суугаа гэсэн үг биш. Бүгд дор бүрнээ хийдэг үндсэн ажлаа (багш, эмч, хуульч, инженер, банкир, фермер, төрийн албан хаагч, урлаг соёлын гэх мэт) хийгээд явна, чуулгандаа ирж оролцоно. Эндээс ажвал төр-засаг нь ч төвийг сахих нэрэндээ тохирсон мэт. Үнэндээ тэнд албан тушаал сонин биш юм байна. Төр-засгийг хэн ч сонирхохгүй.

Харин швейцарьчуудын байнга хийдэг, залхвал залхмаар нэг айхтар ажил байнаа. Тэнд байн байн ард нийтийн санал хураалт явуулна. Барилга байшин барих, зам тавих, гүүр барих нураахаас эхлээд НҮБ-д элсэх хүртэл бүх асуудлаар ард түмнээр шат шатанд санал хураалгаж байна. Консенсус ба компромисс гэдэг синоним үгс нийгэмд хэвшсэн. Нийтийн тохиролцоо ба буулт хийлт гэж буулгаж болно. Энэ нь ч төвийг сахисных нь бэлгэдэл, үр дүн ажгуу.

Дөрөв. Харьцуулах адил ба адилгүй тал                                                                           

Монголыг тус улстай харьцуулж, тэдний төвийг сахисан туршлагыг цаашдаа Монголын төвийг сахих бодлогод бүтээлчээр хэрэглэх тухайд эхлээд өнгөрсөн түүх, газар зүйн ба геополитикийн байршил, улсын жин нөлөөгөө харилцан авч үзэх шаардлагатай.

Түүхэн адил тал: Хоёул далайд гарцгүй, эх газарт түгжигдсэн. Хоёул их гүрнүүдээр хүрээлэгдсэн, хүрээлэгдэж явсан, хоёул жижиг улс. Монголд Орос, Хятад гэж хоёр гүрэн хөрш нь байж ирсэн. Түүхнээ энэ хоёрын эрхшээлд орж, чирэгдэж, зөрчил мөргөлдөөнд нь нэг талд нь цэргийн холбоотон болж, нөгөөхийг нь эсрэг дайнд бэлтгэж байлаа. Швейцарь нь түүхэн нэгэн үед Герман, Франц, Австри-Унгар, Итали гэсэн 4 гүрний хүрээлэлд, ялангуяа Герман, Францын хөлд чирэгдэн, тэдний өвөр хоорондын дайнд татагдаж орох, дагалдан дайнд орох, тэдэнд ялагдах эзлэгдэх, эсвэл нутгаа ашиглуулах эрсдэлтэй олонтаа тулгарч байсан зэрэг шалтгаанаар төвийг сахихаас аргагүй байдалд орсон гэж швейцарьчууд үздэг.

Түүхэн адилгүй тал: Швейцарь нь колонийн гүрэн байгаагүй, эзэнт гүрэн байгаагүй, тийм түүхгүй учраас төвийг сахихад илүү хялбар байсан бололтой. Түүхэндээ ямагт жижиг, ядуу, буурай улс байсан, цэрэг тэжээх зардалгүй байснаас дайн тулааны хөлд нэрвэгдэхгүй гэж, тэсч үлдэхийн тулд л төвийг сахисан, бас дотооддоо эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд төвийг сахисан гэж тэд ярьж байна. Тэгвэл Монгол бол дэлхийн түүхнээ эзэнт гүрэн явсан, XX зуунд Монгол нь хувьсгал, тэмцэл, хэлмэгдэл, дайн тулаанд оролцсон, нутагтаа дайн хийлгүүлсэн, “Хүйтэн дайн”-ы фронтын дорнод жигүүр явсан, хоёр хөршийн геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болж явсан, герман эрдэмтэн Даниел Шмюкингийн онож хэлснээр, энэ орныг хоёр их хөрш-БНХАУ, ОХУ-ын зүгээс сүүдэрт шахаж байсан тохиолдол дэндүү олон юм.

XX зууны түүхэн их үйл явдлын өртөлтийн үе буюу дэлхийн II дайн, “Хүйтэн дайн” (1938-1990 он) Швейцарьт ёстой падгүй мэт өнгөрсөн бол Монгол нь энэ үед л чухам гоцолсон, өөрийгөө ч зөвшөөрүүлсэн, хөгжил дэвшил энэ үед жигдэрсэн. Харин “Хүйтэн дайн” дууссанаас хойш хоёул гадаад бодлогоо нэн идэвхтэйгээр явуулах болсноороо адил тал дахин давтагдана. Швейцарь нь төвийг сахих уламжпалт, тууштай бодлогоо шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан бол Монгол нь олон тулгуурт, идэвхтэй, тэнцвэртэй, прагматик бодлогоо ерөнхийдөө төвийг сахих хэлбэрээр шинэ шатанд гаргасан. Түүнийгээ ч хууль тогтоомжоороо баталгаажуулан мөрдөж байна.

Тав. Ранжан Гуптаг надтай андуурсан нь

Монголдоо анхных нь болох геополитикийн онолын судалгааны нэгэн сэдэвт бүтээл 2002 онд миний бие туурвисан юмсан. Энэ ном гурван удаа хэвлэгдсэн, хэвлэх тоолонд нэмж баяжуулаад эцэст нь Ph.D горилсон бүтээл болгон ШУА-д өргөн барьсан. Мартагдаад 10 гаран жил болсон энэ бүтээлийг маань саяхан судлаач нэгэн бээр сөхөж, түүнийг нь “Монгол HD TV” эшлэн авч зохиогч намайг ам асуух маягаар мэдээлэл болгон цацжээ. Юу гэвэл Д.Баярхүү гэдэг нөхөр үзэл бодлоосоо ухарчээ, тэрээр төвийг сахихыг эсэргүүцэж байснаа одоо дэмжигч болсон байна гээд миний номоос үг үсэг гээлгүй эшлэжээ.

Тэр нь “Төвийг сахих Швейцарь загвар Монголд тохирохгүй (Ранжан Гупта)” гэсэн гарчгаар хүснэгтэд дараахи гурван өгүүлбэр байгаа: Швейцарийн хөршүүд түүнд хандаж байсан шиг Монголын хоёр хөрш Монголд тэгж хандаж байгаагүй; Төвийг сахина гэдэг нь тэр улс төвийг сахих амлалтдаа зайлшгүй үнэнч байхын сацуу эргэн тойрных нь улсууд хууль тогтоомж, үзэл баримтлалаараа төвийг сахисныг нь хүндэтгэсэн байх учиртай; Тэгвэл тийм хүндэтгэлийг бүрэн эрхт улсынх нь хувьд Монголд хоёр хөрш нь хэзээ ч үзүүлж ирээгүй гэжээ.

Энэ бол 1998 онд энэтхэг эрдэмтэн Ранжан Гуптагийн анхааруулах зөвлөх байдлаар бидэнд хандаж хэлсэн, Монгол-Энэтхэгийн эрдмийн II бага хуралд түүний хэлэлцүүлсэн илтгэл дэх мөрүүд юм. Тэр хурал 1998 оны 12 дугаар сард Нью Делид зохиогдоход би оролцож, зохион байгуулалцаж, мөн илтгэл хэлэлцүүлж байсны хувьд, мөн надад энэ дүгнэлт нь маш чухал санагдсан тул би хожим номдоо эшлэн оруулж, хаалтанд зориуд тэр эрдэмтний нэрийг бичсэнийг маань миний амыг асуугчид анзаарсангүй юү, хэргээр мэдэн будилав уу. Үнэндээ Р.Гупта доктор яг л зөв хэлжээ. Тэрээр Монголын хоёр хөршийг “өршөөлгүй” хэмээн тодотгож байв. Тэр бас яг зөв мэдэрчээ. Монголын гадаад бодлого ямар нэгэн хэмжээнд төвийг сахисан хандлагатай байна, хэтдээ төвийг сахихаа зарлах магадлалтай гэж тэрээр үзсэн бололтой. Тийм учраас энд анхааруулга, зөвлөлгөө байдлаар бидэнд хандаж хэлсэн гэж орууллаа.

Зургаа. Цаг үе нь чухам мөн

Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах цаг үе нь мөн үү, арай түргэдэв үү, эрх зүйн болон бодлогын үндэслэл гүйцэт үү гэх асуулт зарим нөхөд тавьдаг. Түүн дээрээ ч хатуу зогссоор буй. Хоёр хөрш юу гэхнэв гэсэн битүү айдас, болгоомжлолоо тэд аргумент болгодог.

Үүнд эргэлзэхгүйн үүднээс Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн эл санаачилга, түүнийгээ илэрхийлсэн нийтлэлийг эргэж сөхөж үзэхийг нөхдөд зөвлөж байна. “Юу гэвэл Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй” гэж тэрээр бичихдээ гурван үндэслэл гаргаж ирсэн байна. Үүнд:

  1. Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна;
  2. Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг;
  3. Олон улсын байдал,дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг гэжээ.

“Төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ” гэсэн дээр нь тогтож харахыг нөхдөд дахин зөвлөе.

Төвийг сахичихтай зэрэг манай гадаад бодлого хумигдаад, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа зогсоод, ахмад нэгэн дипломатчийн хэлснээр, манай улсын гадаад бодлогод өөрчлөлт орж, төвийг сахина гэдэг олон асуудлаас хөндийрнө гэсэн үг, манай Монгол хөгжиж байгаа орнуудын дунд явдаг, хөгжиж байгаа орнуудын эгнээнд явах нь бидэнд ашигтай, ийм асуудлаас хөндийрнө гэсэн үг, Монголыг зарчимгүй, туйлбаргүй гэж үзэх улс орнууд гарч ирж байна гэж байгаа бол яг тэгдэг үү гэсэн асуултыг бид Берн хотод ШХУ-ын ГХЯ-нд зочлон байхдаа тавьж, хариулт авлаа. Юу гэвэл төвийг сахиснаараа дэлхий нийтийн болон бүс нутгийн ноцтой хурц асуудлаас өөрийгөө татаад авчихаж байгаа хэрэг бус, харин ч эвсэл бүлгийн эрх ашиг, нэгдмэл байр суурь гэхгүйгээр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхээр бүрэн хангагдана гэлээ. НҮБ дахь санал шүүмжлэл, санал хураалт, тогтоол санаачлах, хамтран оролцох эрхийг нь төвийг сахисан улс дээр хязгаарлана гэсэн заалт НҮБ-ын Дүрэмд байхгүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, хороодод жил бүр яригддаг хэдэн зуун (400 гаруй тогтоол, шийдвэр) асуудал бүрт манай улс байр сууриа илэрхийлж идэвхи зааж байх нь орчин цагийн манай гадаад бодлогын гол, чухал зорилт огтоос биш юм. Хөгжиж буй орон бүрийн төлөө дуу хоолойгоо нэмэрлэнэ гэдэг бүтэшгүй зүйл. Энэ бүхэнд хүчээ тарамдуулахгүй, харин эе эвийг сахиулах, зуучлах чиглэлээр олон талт дипломат бодлогоо төлөвшүүлбэл зөв болов уу. Ер нь энэ асуудалд “Хүйтэн дайн”-ы баригдмал сэтгэхүйгээр, НҮБ-ыг үзэл суртлын индэр болгон хэрүүл өрнүүлдэг тэр арга барилаар хандах бус ихээхэн уян хатан хандахыг зөвлөж байна.

ШУХ-ын хувьд идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Чингэхдээ улс гүрний хоорондын энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтовортой байдлыг хангах, улмаар улс орнуудын хөгжилд нь эерэг нөлөө үзүүлэх зэрэгт нэн тэргүүнд ач холбогдол өгдөг. Эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих зэргээр дамжуулан төвийг сахих бодлогоо баталгаажуулдаг гэж тэд ярьж байна. Тэдний хувьд эдийн засгийн ба хөгжлийн тусламж үзүүлнэ гэдэг нь дэлхийн энх тайвныг бататгаж байгаа, цаашлаад төвийг сахих бодлогод нь нийцэж буй явдал. Энэ ч хүрээнд тус улс бүхий л салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсээр ирсэн, үүний нэг илрэл бол Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа хэмээн бахархан ярьцгааж байна. ШХУ нь НҮБ-ын мандаттай болон мандатгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцдог, НАТО-гийн энхийн төлөө түншлэлд оролцдог, батлан хамгаалахын өргөн хамтын ажиллагаатай улсын хувьд энэ бодлого нь төвийг сахисан статуст нь огтхон ч саад болоогүй гэж тайлбарлаж, нотолж байна.

Долоо. Швейцарь хэрхэн баталгаажив?

ШХУ нь 400 жил төвийг сахих бодлого явуулсан, 200 жилд нь бусад улс орнууд төвийг сахисныг нь хүлээн зөвшөөрсөн ба түүх сөхвөл анх XIII зуунд буюу 1291 онд анхны гурван кантон нэгдэж нийлээд анхны төрт-улсаа байгуулсан, XVII зуунд буюу 1648 оны Вестфалийн энх тайвны гэрээгээр Швейцарийн Холбоог төрт-улс хэмээн анх удаа эргэн тойрныхон нь хүлээн зөвшөөрч, 1815 онд Парисын гэрээ, Венийн конгрессоор Швейцарийн төвийг сахисан байдлыг хүлээн зөвшөөрчээ. Швейцарийн байнга төвийг сахих болон түүний хил хязгаарын халдашгүй дархан байдлыг 1815 онд Венад ийнхүү Европын 4 гүрэн үндсэн гэрээнийхээ дагалт эрх зүйн хавсралт баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэснээр тус улсын оршин тогтнох, хөгжих дэвжих нь гадны сөрөг нөлөөллөөс ангижирсан гэсэн үг. Төвийг тухай анхлан олон эрх зүйн талаар заасан түгээмэл хууль болох 1907 оны хоёр конвецид ШХУ 1910 онд нэгдэж оржээ. 1919 онд Версалийн энх тайвны гэрээнд Швейцарийн төвийг сахисан байдлыг дурдаж тусгажээ. Дараа нь энэ улс Үндэстнүүдийн Холбоонд элсэж 1920-1938 онд түүний гишүүн байжээ. Тэгснээ 1938-1990 онд дэлхийн II дайн ба “Хүйтэн дайн’’-д тууштай төвийг сахижээ. 1990 оноос идэвхтэй гадаад бодлого явуулсаар өнөөг хүрсэн. Харин бүр сүүлд 2002 онд НҮБ-д элсэж, төвийг сахисан улс гэдгээ дэлхий дахинд тунхаглажээ. Гэхдээ тэнд төвийг сахих тухай тусгай хууль, эсвэл Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал гэж баримт бичиг алга байна.

Холбооны Үндсэн хуулийнх нь “Гадаад хэрэг” гэсэн 54-р заалтад “Швейцарийн тусгаар тогтнолыг хамгаалж, түүний сайн сайхан байдлын төлөө Холбоо ажиллана, тухайлбал даян дэлхийд хэрэглээ ба ядуурлыг бууруулах, хүний эрхийг хүндэтгэх, ардчиллыг хөхиүлэн дэмжих, улс түмнүүд энх амгалан орших, бодит амьдралын үндсийг хадгалахад Холбоо дэмжлэг үзүүлнэ” гэснээс өөр заалт алга. Харин “Гадаад бодлогын стратеги 2012- 2015” гэсэн бодлогын баримт бичигт нь төвийг сахих тухай заалт бол байна. Үндсэндээ 1815 оны Парисын гэрээ, 1907 оны Хаагын хоёр конвенц, мөн олон улсын заншлын эрх зүйгээр төвийг сахих статусаа баталгаажуулсан байна. Салбарын хуульгүйгээр өдөр тутмын шийдвэржээ хэрхэн гаргадаг талаар бид тодруулахад төвийг сахих өдөр тутмын бодлоготой холбоотойгоор шийдвэр гаргах шаардлага үүсэхэд холбогдох чиглэлийн төрийн байгууллагуудаас санал авч ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газар эцсийн шийдвэрийг гаргаж асуудлыг зохицуулдаг хэмээн тайлбар өгч байв.

Найм. Зуучлалын оршил түүх

Хельветийн (Швейцарийн) Холбооны Үндсэн хуулийг 1803.02.19-нд Наполеон Бонапартад швейцарийн комиссар ёс төртэй гардуулжээ. Хоёр талаасаа буулт хийх замаар эл Үндсэн хууль эцэслэгдэж улс оронд амгалан тайван байдал тогтсоныг тэр үед германаар Mediationszeit, францаар Acte de mediation буюу “Зуучлалын гэрээ” хэмээн нэрлэсэн нь эдүгээ хүртэл хэвшиж хэрэглэгдэж буй. Швейцарь нь ийнхүү 19 кантоноос бүрдсэн холбооны төрт- улс болжээ. Гадаад болон дотоод аюул дэгдсэн тохиолдолд кантонууд нь бие биедээ тусламж үзүүлэх ёстой, өвөр хоорондоо дайтах эрхгүй, кантон нь өвөр хоорондоо болон гадаад бусад улстай гэрээ байгуулах эрхгүйг Холбооны Үндсэн хуулиар тунхаглажээ. Кантон нь дотооддоо өөрийгөө удирдах эрхээр бүрэн хангагдана.

1803.09.27-нд Швейцарь ба Франц нь Батлан хамгаалах ба давшилтын холбооны гэрээ гэдгийг байгуулснаар Францын армид 16 000 цэрэг илгээж алба хаалгах үүрэг хүлээж, энэ нь ч Швейцарьт хүнд дарамт болж, Наполеоны цэргийн үйлдвэрийг нутагтаа байгуулснаар вассаль улсын зовлонг амсав. Ийнхүү хаширсан Хельвет улс 1813 онд Лейпцигийн тулалдааны дараа Сеймээ хуралдуулж төвийг тууштай сахихаар зориг шулууджээ. Үүнийгээ ч дайтагч Европын гүрнүүдэд албан ёсоор мэдэгдэв. Тэр даруйд нь Оросын Александр I хаан Швейцарийн нейтралитетыг дэмжихээ илэрхийлж, харин Швейцарьт хяналтаа тогтоох далд санаархал бүхий, тэр утгаар Швейцарь дахь либерал хөдөлгөөнийг өөгшүүлэгч Австри нь Швейцарийн төвийг сахихыг дэмжсэнгүй. 1813.12.21-нд австрийн цэрэг Швейцарийг тойрч Рейн мөрнийг гатлан Франц руу дөхөж иржээ. Тэгэхтэй зэрэгөмнө нь засгийн эрхнээс зайлуулагдаад байсан австрийгталархагч аристократ засгийнхан толгойгоо өндийлгөн Берн, Фрибур, Золотурн, Люцерн кантонд засгийн эрхийг эгүүлэн авч, харин Холбооны Сейм нь 29-нд Цюрихт тусдаа цуглаад өмнөх зуучллалын гэрээгээ хүчингүй болгов. Берн тэргүүтэй 7 кантон Цюрих дэх Сеймтэйгээ тэрсэлдэн, Люцерн хотод өөр нэг Сеймийг байгуулав. Швейцарь орон хоёр хуваагдаж, дотооддоо иргэний дайн, хямралтай тулсан учраас их гүрнүүд хөндлөнгөөс оролцож, ялангуяа Оросын император шахалт үзүүлсний дараа Люцерний Сеймийг тарааж, эсэргүү кантонууд Цюрихийн Сейм рүү төлөөлөгчдөө илгээжээ.

Ийнхүү эргэж эвлэрэв. 1814.09.07-нд 19 кантоны төлөөлөгчид Холбооны шинэ гэрээ боловсруулж, Венийн конгресст (Венийн энх тайвны бага хурал) өргөн барьж, их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлжээ. Венийн конгрессоос 1815.03.20-нд батлан гаргасан тунхаглалаар Швейцарийн Холбооны мөнхийн нейтралитетыг хүлээн зөвшөөрч, тус улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг баталгаажуулжээ. Дараа нь 19 кантон дэр Вале, Женев, Нёвшатель хот-мужууд Холбоонд нэгдэн орж 22-уулаа болжээ. Хэдийгээр тэд төвийг сахисан ч Наполеоныг эргэж төр барьмагц Францтай дахин дайнд татагдан орж, Парисын энх тайвны гэрээгээр дайны төлбөрт 3 сая франк, бяцхан газар нутаг авч салжээ. Төвийг сахихын өмнөх ба эхэн үеийн товч түүх ердөө энэ.

Ес. Зуучлал буюу Mediation

Онолын талаас авч үзвэл арилжаа, санхүүгийн ажиллагаан дээр хөнгөлөлт үзүүлэх, эсвэл янз бүрийн харилцааны маргаантай асуудлыг зохицуулах хуулийн (гол төлөв байгууллага) ба бие хүн этгээдийн үйл ажиллагаа гэх тайлбар олон тааралддаг. Энэ ухагдахууныг тайлбарласан явдал лавлах ном, нэвтэрхий толиудад олон буй. Тэдгээрээс түүвэрлэснээ товчлон сонирхуулбал, маргаантай асуудлыг альтернатив хэлбэрээр зохицуулах технологийн нэг хэлбэр буюу олон улсад хэвшсэн нэршил үг нь медиац (англиар Mediation буюу alternative dispute resolution). Медиац хийх этгээдийн гол шалгуур вэ?

Уг маргаанд нь 1) оролцоогүй, 2) холбогдолгүй, 3) туйлширдаггүй, 4) төвийг сахисан гурав дахь этгээд (субъект) байх ёстой. Медиаторын үндсэн үүрэг нь маргаантай асуудлаар тодорхой оновчтой гэрээ, хэлэлцээр боловсруулахад туслах явдал. Харин уг баримт бичиг байгуулагдмагц хэрэгжилтэд нь маргалдагч асан хоёр тал хяналт тавих үүрэгтэй.

Маргалдагч талууд үндсэн нөхцлөө тавина, түүнийг нь гурав дахь медиатор анхааралдаа авна, маргаанаа эв зүйн аргаар шийдвэрлүүлэхээр талуудыг хэлэлцээний ширээнд суулгах зуучлагчийн тэр арга хэрэгслийг зуучлал хэмээмүй гэж олон улсын эрх зүй заадаг.

Хоёр буюу түүнээс олон субъектэд нейтраль субъектаас үзүүлэх нөхцөл, хөнгөлөлт, эвлэрүүлэх процедурыг ийнхүү “зуучлал” гэх ба хэлбэр нь олон янз байж болно. Тухайлбал маргалдагч талууд харилцан хүлээн авч болохуйц нөхцөл болзол, эсвэл бүх асуудлыг “0”-тэгээс эхлэх, маргалдагч талуудын хүсэлтээр зуучлах үүрэг хүлээх, маргаанд оролцоогүй их гүрнүүдийн санаачилгаар ийм үүрэг хүлээх гэх мэт. Энэ тухай 1899, 1907 оны Хаагын конвенц, НҮБ-ын Дүрэмд (33-р зүйл) тодорхой заажээ.

Швейцарийн гадаад бодлогод “найрсаг нөхцөл”, “сайн санааны болзол” гэх ухагдахуун байна. Тэр нь маргалдагч хоёр этгээдийн дунд гуравдагч этгээд болон оролцох гэсэн утга бүхий. Тус улсын зуучлах үүрэг олонтаа хэрэгжиж, амжилтад хүрч ирсэн. Швейцарийн Гадаад хэргийн сайд Дидье Буркхальтерын хэлснээр бол, тэрхүү «сайн санааны нөхцөл болзол» гэдэг нь энэ Конфедерацын гадаад бодлогын үндсэн чухал хэсэг ажээ.

Дотооддоо кантонуудын хооронд зуучилж байснаас дээр цухас дурдлаа. Тэр тушлага дээрээ тулгуурлан хожим түүхнээ олон улсын томхон зуучлалыг 1870-1871 онд франц-германы дайны үед хэрэгжүүлжээ. Бүслэгдсэн Парист Бавар, Бадены гүнт улсын эрх ашгийг швейцарийн нэрт дипломатч Иоханн Конрад Керн анхлан төлөөлж гүйцэтгэснээс Швейцарийн олон улсын зуучлалын түүх эхэлдэг. Зөрчилдөгч хоёр улс дипломат харилцаагаа таслах үед тэдний аль алин нь нейтраль зуучлагчийг хайдаг ба сонголт ямагт Швейцарь дээр бууж байсан түүхтэй.

Арав. Манай гадаад бодлогод нэмэгдэх зуучлалд Швейцарийн туршлага

Швейцарь эрдэмтэн Даниэль Тракслер ‘‘Швейцарийн зуучлах үүрэг, уламжлалын сэргэлт” (“Schutzmatch Schweiz. Renaissance einer Tradition?”) номоо 2012 онд хэвлүүлжээ. Түүнд тус улсын арбитражийн зуучлах үүрэг багассан гурван шалтгааныг тоочжээ. Зуучилж өгнө үү гэх эрэлт хүсэлт багассан нь:

  1. “Хүйтэн дайн” дууссанаар өмнө нь таслагдсан байсан олон харилцаагаа улс гүрнүүд өөрсдөө сэргээсэнтэй холбоотой.
  2. Одоо ихэнхи мөргөлдөөн улс хоорондын түвшинд гэхээсээ, тодорхой улс орнуудын дотоодод дэгдэж байна. Мөргөлдөөнд улс орны зэвсэгт хүчин гэхээсээ хагас цэрэгжсэн төрийн бус бүлэглэлүүд оролцох боллоо. Тэдэнд дипломат зуучлагч төдийлөн хэрэг болохгүй.
  3. Үүрэг багассанд Швейцарь өөрөө бас буруутай. Өөрт ач холбогдолгүй, цаадуулдаа ч ач холбогдолгүй зарим мөргөлдөөнд “сайн санааны нөхцөл бозлол” дэвшүүлж 1990-ээд оны сүүлчээр оролцсон нь бас нэг шалтгаан хэмээн Д.Тракслер бичжээ.

Ийнхүү 1990 оноос хойш Швейцарийн зуучлалын цар хүрээ, давтамж багассан, цөөрсөн бол XXI зуун гараад глобал бодлого, глобал дипломатын ажил хэрэгт арбитражийн үүрэг дахин нэмэгдэж Швейцарьт медиацын үүрэг уламжлалаа сэргээх аятайхан боломж гарч ирлээ, үүнийг шүүрээд авах нь чухал хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзэж байна. Тэгж шүүрч авч оновчтой зуучилсан нь Орос-Гүржийн 2008 оны зэвсэгт мөргөлдөөн болжээ.

Энэ улс 1938-1990 онд төвийг тууштай (хэт удаан байж болно) сахисан боловч энэ үед зуучлалын “алтан эрин” тохиосон гэж үздэг. Ялангуяа “Хүйтэн дайн”-ы эринд сөргөлдөгч талууд Швейцариар зуучлуулсан, Швейцарьт уулзаж маргаанаа зохицуулсан баримт маш олон. Энэ улсыг тойрч дэлхийн нэг ба II дайн өрнөхөд дайн хийгээгүй цус урсгаагүй энэ улсын нэр хүнд аяндаа өсч, тийшээ хандах ядарсан зүдэрсэн хүн ардын цуваа үл тасран, II дайнаас хойшхи олон улсын олон зэвсэгт мөргөлдөөнд Швейцарь нь гурав дахь этгээд болж зуучилсан олон жишээ бий юм билээ. Тэр болгонд гадаад бодлого дээрээ нэмэх оноо авч байсан байна. Тухайлбал дэлхийн II дайнд энэ улс татагдан оролцоогүй хэрнээ нутаг дээрээ зуучилж олон бага хурал, уулзалт, хэлэлцээг зохион байгуулж байжээ. 1943-1944 онд дэлхийн 35 улс оронд тус хүргэсэн 219 зуучлалыг гүйцэтгэжээ. Ингэхдээ төвийг сахих имижээ зөв ашигласан гэж байна. “Хүйтэн дайн”-ы үед “Швейцарьт уулзацгаая” гэх эрэлт хүсэлт огцом өссөн байна. Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайныг дуусгасан олон талт яриа хэлэлцээ, Зөвлөлт-Америкийн хооронд стратегийн довтолгооны зэвсэглэл хорогдуулах олон шатны хэлэлцээ, “Хүйтэн дайн”-ыг дуусгах эхлэл тавьсан Горбачев-Рейганы анхны уулзалт бүгд Швейцарьт болж байв.

Тэр утгаар Швейцарь нь сонгодог, үнэмлэхүй зуучлагч байх эрхээ эгүүлж олж авч байгаа аж. Үүнийг зөвтгөх нотлох олон шинжийг агуулдаг хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзээд жагсаажээ.

  • Швейцарь-жижиг улс, тэр утгаар хэнд ч аюул занал учруулахгүй.
  • Швейцарь-ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулдаггүй. Тэр утгаар Швейцарь нь олон улсын тавцанд “худалдааны жинхэнэ шударга зуучлагч” гэсэн имижтэй.
  • Швейцарь-НАТО-д ордоггүй, Европын Холбооны гишүүн биш, колоничлогч гүрэн явсан түүхгүй.
  • Швейцарь-сөргөлдөгч бүх талтай хэлэлцээ хийх ур ухаан чадавхитай.
  • Швейцарь-хэлэлцээ явуулахад бэлтгэсэн дэд бүтэцтэй, санхүүгийн хангалттай боломжтой.
  • Швейцарь-цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар туршлагатай.
  • Швейцарь-ардчилал, федерализмыг хэрэгжүүлэх талаар гойд ажилласан туршлага ба нэр хүндтэй гэхчлэн.

Дайн мөргөлдөөнөө зогсоох утгаар бус өөрийн иргэдийн эрх ашиг ба үндэснийхээ ашиг сонирхлыг Швейцарьт итгэж даатгана гэдэг утгаар 1961 оноос АНУ-ын эрх ашгийг Кубад Швейцарь төлөөлж иржээ. Тэгснээ 1991 оноос Кубын эрх ашгийг АНУ-д мөн төлөөлж байв. Энэчлэн Египетэд Ираныг, Иранд АНУ-ыг, тэр 2008 онд Гүржид Оросыг, Орост Гүржийг гэхчлэн төлөөлжээ.

Тэгвэл “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд хэмээх хэсэгт: 8.1. Монгол Улс даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ; 8.3. Дайны үед энх тайван тогтоож, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэлэлцээ хийх бололцоог хангах эрхтэй; 8.4. Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна гээд Швейцарийн зуучлалын туршлагыг Монголд хэрэглэх бодлогыг шууд заагаад өгчихсөн байна. Энэ нь бодлогын заалт, бас зөвтгөх үндэслэл.

Нэгэнт л төвийг сахиж байгаа бол төвийг сахисан, энхийг эрхэмлэгч Монголд мөргөлдөгч талууд хандахыг үгүйсгэж болохгүй. Солонгосын хоёр улсгай хоөулантай нь найрсаг харилцаатайн хувьд энэ асуудал босч ирж болно. Өмнө нь БНАСАУ ба Японы хооронд зуучилж байсан туршлага бидэнд бас бий.

Арваннэг. “Дружественное молчание”

Энэ орос үгийг махчлан буулгавал “Найрсгаар амаа үдүүлэх”, “найрсгаар хэлээ хазах”, эсвэл “найрсгаар гөлийх” гэдгийн алин нь ч болно. Учир нь оросын бөмбөгдөгч онгоцыг турк сөнөөгөөд Орос-Туркийн хооронд нэг үгээр “Хүйтэн дайн” дэгдээд, Оросын тал ОДКБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) буюу цэрэг-улс төрийн эвслийн холбоотон Казахстан, Белорусс, Армен, Киргиз,Тажикистанаас дэмжлэг авах гээд, гэтэл цаадуул нь “Найрсгаар амаа үдүүлчихээд” байгаа бололтой юм. “Харамсалтай байна”, “Орос өөрөө учраа олог’’, “Орос-Туркийн хооронд хүлцэл тэвчил зааж, хэлэлцээний аргаар асуудлаа шийд” гэх ерөнхий үгээр оросын чин хүслийг холбоотнууд нь хариулж байгаа аж. Уг нь ОДКБ байгууллагын дүрмийн дагуу олон улсын герроризмтой тэмцэхэд бүх гишүүд хуч чармайлтаа зохицуулж, нэгтгэнэ гэж лаасан боловч Оросоос бусад ОДКБ-ын бусад гишүүд нь Туркийг олон улсын герроризмын хань хамсаатан гэж Орос шиг үзэхгүй, оросын онгоцыг сөнөөснийг гүрэмгийллийн хэлбэр хэмээн үзэхгүй гүрийж байна. ОДКБ-ын Парламентын ассамблейг Петербургэд хуралдуулаад ОХУ санасандаа хүрсэнгүй. ОДКБ дахь холбоотнуудынхаа шийдвэргүй хулчгар байдлыг оросууд гайхахын цаагуур гайхжээ.

Энд Орос-Туркийн харилцааны хямрал ба ОДКБ эвслийн тухай оруулж байгаа жишээ бол хэтдээ төвийг сахих Монголд ямар байдлаар тусах вэ гэдэгт эргэцүүлэл хийх, шийдэл хайх гэснийх юм. ОДКБ эвсэлд төвийг сахих статустай улс нэг ч байхгүй атал тэд “Дружественное молчание” гэдгээр төвийг сахих байдлаа илэрхийлсэн байна. Тэд Турктэй тогтоосон харилцаагаа сүйтгэхийг хүсэхгүй байна.

ТУХН, Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ эвсэлд багтдаг Оросоос бусад бүх улсууд нь Орос-Украины хямралын үед төвийг сахисаар байгааг бас анхаарах хэрэгтэй.

Оростой харилцаагаа хурцатгах хэрнээ оросын нутаг дэвсгэрийг тойруулан ачаа бараа Европ руу зөөвөрлөх төслийг Турк хуучин СССР-ийн БНУ-уудтай хэрэгжүүлж байгааг бид харж байна. Ирэх онд Баку-Тбилиси-Карс гэх төмөр замын салаа ажиллаж, хэдэн мянган контейнер зөөвөрлөнө. “Транссибирь”- тэй өрсөлдөхүйц “Транскаспи” гэх маршрут Орос-Туркийн зөрчил дунд харин ч эрчээ авлаа. Явж явж “Торгоны зам”-д Кавказ татагдан орлоо. Оросын нутаг дэвсгэрийг тойруулан Хятадаас ачаа барааг Европ руу тээвэрлэх консорциум байгуулах тухай баримт бичигт Стамбулд Хятад, Казахстан, Гүрж, Азербайжан, Туркийн ложистикийн томхон компаниуд Оросын онгоцыг Турк сөнөөгөөд бөөн хэрүүл дэгдэж байх энэ мөчид гарын үсэг зурлаа. Орост элдвээр хавчигдан гадуурхагдсан Гүрж энэ далимаар “Торгоны зам” гэх нүсэр том худалдааны замтай холбогдлоо.

Оросын холбоотон Хятад (ШХАБ, БРИКС дэх), Казахстан (ШХАБ, ОДКБ) нь Орос-Туркийн зөрчил дээр төвийг сахих бус, улс төрийн агуулгаар авч үзвэл Оросынхоо эсрэг энд ажилласан гэж үзэхэд буруу гэхгүй байх.

Найрсаг харилцаат өөр хоёр улсын хоорондын маргааны бас нэг жишээ. БНХАУ-ын дарга өнгөрөгч намар Вьетнамд айлчлахад айлчлалыг эсэргүүцэж, Ханойд БНХАУ-ын ЭСЯ болон Хошимин дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын өмнө жагсаал болж, жагсаалд оролцогчид “Хятадын айлчлалыг эсэргүүцэж байна”, “Парасел, Спратли арлууд-Вьетнамынх” гэх мэт лоозон барьж жагссаныг цагдаагийнхан хүч хэрэглэн тараасан. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлаар маргаантай талууд (Тайваниас бусад нь Монголтой найрсаг харилцаатай) харилцан буулт хийж, эв зүйгээр асуудлаа шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Ийм нөхцөлд Монгол Улс Хятад, Вьетнам хоёрын аль талд нь зогсох вэ? Тэд хоёулаа манай байр суурийг сонирхох нь лав.

Энэ мэт авч үзвэл Монгол Улс хуулиа батлаж төвийг сахисан байдлаа яаравчлан дэлхийд зарлахгүй бол Орос-Туркийн харилцааны хурцдал шиг өөр олон хямрал биднээс байр суурь шаардаж, “чи хэний талд вэ” гэдгээр шалгуур болгож манай улсыг эвгүй байдалд оруулж мэдэх юм.

Аль алинтай нь найрсаг харилцаатай, манай улсад алин нь ч хор хохирол учруулаагүй байгаа тохиолдолд тийм улсууд өвөр хоорондоо муудалцах, бүр дайтах хэмжээнд очихыг хувьсан өөрчлөгдөн буй дэлхий дахины үйл явц тулгаад гаргаад ирэхийг бид бодолцох учиртай болов уу. Харин тиймүүдийн хооронд зуучлах, эвээр зохицуулах, огтын харилцаагүй болбол аль нэгийг нь нөгөөд нь төлөөлөх зуучлалын дипломат бодлого Монголд хожоо авчрахаас хохирол болохгүй билээ.

Арванхоёр. Дүгнэе

“Төвийг сахих Швейцарь загвар” гэж яг хуулбарлачихаар зүйл байхгүй байгаа нь Монгол энэ чиглэлд өөрийн бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөж, томъёолж, хэрэгжүүлэх өргөн бололцоогоор хангагдлаа гэдгийг шүүмжлэгч, болгоомжлогч нөхдөд хандан хэлэх байна.

Улс болгоны хувьд төвийг сахих статусаа баталгаажуулах болсон шалтгаан, нөхцөл нь өөр өөр байж ирсэн ба харин Швейцарь улсын хувьд олон үндэстнүүд, олон шашинтнууд дотоодын эв нэгдлээ хангах, хямрал мөргөлдөөн, хагаралаас урьдчилан сэргийлэх зэрэг нөхцлөөр төвийг сахих статусаа баталгаажуулсан түүхтэй юм байна. Энэхүү бодлого нь цаашаа тус улсын гадаад бодлогын үндсийг тодорхойлох болжээ. Тус улсын төвийг сахих бодлого нь дээр хэлсэнчлэн олон үндэстнүүдийн дунд дотоодын эв нэгдлийг хангах анхны бөгөөд цорын ганц арга зам байсан, аажимдаа төвийг сахихын бусад давуу талуудыг илрүүлснээр Швейцарь нь өөрийн эрх ашигт энэ байр суурийг хэрхэн ашиглах аргад суралцсан хэмээн тэд өөрсдөө тайлбарлаж байна.

Швейцарийн төвийг сахих бодлого нь тус улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, мөн аюулгүй байдал, халдашгүй дархан байдлыг хангах болон улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчныг бүрдүүлэх улс төрийн арга хэрэгсэл мөн гэж ойлгогдлоо. Тэр утгаар төвийг сахих тухай бодлого сонгон авч буй Монголын хувьд бидний сонгосон зам, бодлого зөв зүйтэй юм байна гэдгийг Швейцарь улсаас чухам мэдэрлээ. Харин ч манай гадаад бодлого олон талтай, олон өнгөтэй, улам уян хатан, прагматик, нэмж зуучлах үүрэг бүхий болох болов уу гэж үзэж байна. Манай гадаад бодлого дахь олон талт дипломат бодлогын үлэмж хэсгийг зуучлах дипломат бодлого руу чиглүүлж таарах байх. Тэр утгаар гадаад харилцааны төрийн төв байгууллагыг бэхжүүлэхдээ “зуучлал” гэдэг утгаар хандаж, шинэ газар нэгж нэмж байгуулан дипломат ажилтнуудаа энэ чиглэлд давхар бэлтгэх шаардлагатай.

 

  • Профессор Д.Баярхүүгийн өгүүлэл дэх дүгнэлт санаанууд нь түүний ГХЯ-нд одоо эрхэлж буй албан тушаалтных нь байр суурийг тэр бүр тусгах албагүйг анхаарна уу. Тэрээр Улс Төрийн Боловсролын Академийн зочин-багшийн хувьд уг өгүүллийг туурвисан болно.

2015.12.05 Улаанбаатар хот

Хянасан: Б. АРИУНБАЯР

Шинэ мэдээ
Архив