ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ !!!

О. Өнөрцэцэг
/МУБИС-ийн багш/

Шинэ толь №72, 2011

ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Түлхүүр үг: Хүүхдийн гэмт хэрэг, Хууль тогтоомж, Монгол Улсын Үндсэн Хууль, Хүүхдийн эрх

Монгол улсын хүн ам зүйн бүтцэд насны хувьд хамгийн өнөр бүлэг нь хүүхдүүд байгаа бөгөөд нийт хүн амын 46,6%-ийг 18 нас хүрээгүй хүүхдүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн гэмт хэргийн тоо өсөж байгаа нь манай улсад нийт гэмт хэргийн тоо өсөж байгаатай холбоотойн зэрэгцээ ерөнхий хандлагаар хүүхдийн гэмт хэргийн тоо нийт гэмт хэргийн 9 орчим хувьтай тэнцэж байна.[1] Хамгийн түгээмэл үйлддэг гэмт хэргийн хэлбэр бол хулгай, танхайн гэмт хэрэг бөгөөд насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн гэмт хэрэгт хүч хэрэглэсэн хэргээс илүүтэйгээр эд хөрөнгөтэй холбоотой хэргүүд зонхилдог. Хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалдаггүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдэлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйл ажиллагааны нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож үнэлэх дадлаг туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг.[2] Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаагийн шалтгаан нь гадаад, дотоод олон нөхцөл байдалтай холбоотой байна. Тухайлбал: нийгмийг хамарсан ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл нь гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болж байна. Мөн сургууль завсардалт нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох хандлага өсөж байна. 2008-2011 оны байдлаар авч үзвэл 14-17 насны 150 хүүхэд тутамд нэг гэмт хэрэг үйлдсэн хүүхэд ногдож байна. Хүүхдүүд гол төлөв танхайн гэмт хэргийг сургууль, үзвэр үйлчилгээ, гудамж талбайд үйлдэж ихэнх тохиолдолд хохирогчид нь үе тэнгийн хүүхдүүд байдаг гэсэн статистик мэдээлэл гарчээ.[3] Холбогдох байгууллагуудаас гаргасан статистик дүн мэдээнээс үзэхэд хүүхдийн гэмт хэргийн үндсэн шалтгаан нь сургууль завсардалт байна. Сургууль завсардалт нь хүүхдийн хөдөлмөрийг завших, далдуур мөлжих, тэднээр тэвчишгүй ажил хөдөлмөр эрхлүүлэх цаашилбал хүүхдүүд буруу замаар орох, боловсрол, мэдлэггүй байдлаасаа болж үл бүтэх этгээдэд ашиглагдах, гэмт хэрэгт татан орох, бусдын хараа хяналтанд автагдах, золиослогдох, хилс хэрэг хүлээх зэрэгт хүргэж байна. 2011 оны эхний 6 сарын байдлаас үзэхэд нийслэл хотын хэмжээгээр гэмт хэрэгт холбогдсон нийт хүүхдүүдийн дунд сургууль завсардсан хүүхдүүд дорх хувь хэмжээг эзэлж байна.

Хүснэгт 1. Гэмт хэрэгт холбогдогч хүүхэд (дүүргээр)[4]

 

Дүүрэг Нийт

холбогдогч

Сургууль

завсардагч

Эзлэх хувь
Баянгол 59 49 83.0
Сүхбаатар 149 132 88.0
Сонгино хайрхан 64 21 32.8
Баянзүрх 120 109 90.8
Чингэлтэй 39 24 61.5
Хан-Уул 42 31 73.8

Хүүхдүүд сургууль завсардсанаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч амьдралын бодитой зорилго төлөвлөгөөгүй болж түүний дээр ихэнх цагаа гудамжинд өнгөрөөх болдог байна. Ийм хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийгмийн сөрөг зан үйлд суралцах, харилцан гэмт зан үйл халдаах зэргээр сөрөг нийгэмшилд ордог. Хүүхдийн хорих ангид хоригдож байгаа хүүхдүүдийн 80 хувь нь огт сургуульд сураагүй буюу дөнгөж 4-р анги төгссөн, харин 90 хувь нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тодорхой ажил сургуульгүй байсан байна.[5] Судалгаанаас харахад нэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 37 буюу 12,3 хувь нь сургуульд суралцаж байгаагүй, 89 буюу 29,6 хувь нь бага боловсролтой, 118 буюу 39,3 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байсан.[6]

Гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүд гол төлөв эрэгтэй хүүхдүүд байдаг бөгөөд хүүхдийн гэмт хэргийн 90 гаруй хувийг эзэлдэг. Харин охидууд гэмт хэрэг үйлдэх нь харьцангуй бага байдаг. Гэвч нийт хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 5-6 хувийг охидуудын гэмт хэрэг эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар 7-8 орчим хувь, зарим тохиолдолд 10 хувь болж өсөх болсоныг судлаачид тэмдэглэж байна. Жишээлбэл, судалгаагаар гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй хүүхэд 93,3 хувь, эмэгтэй хүүхэд 6,7 хувийгэзэлжбайгаагтогтоожээ.[7]  Судалгаанаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүд эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн субъект болох 14 наснаас өмнө эрх зүйн зөрчил гаргасан, 23,6 хувь нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Мөн 2006 онд Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран явуулсан “Хүүхдэд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага” судалгаанаас харахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 279 буюу 93 хувь нь эрэгтэй, 7 хувь эмэгтэй байсан ба тэдгээрийн 15 буюу 5 хувь нь урьд нь ял шийтгэгэдэж байсан, 285 буюу 95 хувь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үеийн насны байдлаар харьцуулан авч үзвэл 14 настай байхдаа 7 хувь, 15 настай 17,3 хувь, 16 настай 29,3 хувь, 17 настай 46 хувь нь гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдийн дотор бүтэн, хагас өнчин, хойд эцэг, эхтэй хүүхдүүд голлох хувийг эзэлдэг. Ялангуяа хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд гэр бүл ийн орчин, эцэг эхийн ёс суртхуунгүй үлгэр дууриал ихээр нөлөөлж байна. Гэмт хэрэг нь гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэх нь ихэсч байгаа нь хүүхэд гэмт хэргийн замд орох нэг шалтгаан болж байна. Эцэг эх нь байнга архи уудаг, хүүхдийн хажууд ёс суртхуунгүй үлгэр дууриал үзүүлэх, хэрэлдэх, зодолдох, бусдыг доромжлох, гэмт хэрэг үйлдэх, зодох, харгис хэрцгий хандах нь гэр бүлд таагүй, хүйтэн түгшүүртэй орчин бүрдэж байгаа нь хүүхдийн зан төлөвт сөргөөр нөлөөлж байна. Судалгаагаар гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн 53,8 хувь нь эцэг, эх нь архи уудаг, зодох зэрэг харгис хэрцгий ханддаг гэжээ.

Хүүхэд гэр бүлийн хүрээнээс гадна сургуулийн орчинд нийгэмшин хөгжиж бие хүн болж төлөвшдөг байна. Сургууль бол хүүхдийн сурах, боловсрох, харилцах, оюун ухаанаа хөгжүүлэх, хүмүүжих, төлөвших хамгийн таатай орчин байх ёстой. Гэтэл энэ орчин бүрдэж чадахгүй байгаагаас хүүхэд гэмт хэрэг үйлдэх нэг шалтгаан болж байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд эрх зүйн хичээл бага цагаар ордог, мэдлэг муу эзэмшүүлдэг нөхцөл байдлаас болж хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх хандлага их байдаг байна. Тухайлбал, дээрх судалгаагаар гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн 40,1 хувь нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа болон түүний улмаас үүсэх хор уршгийн тухай огтбодожбайгаагүй, 30,1 хувь нь үйлдлэээр үүгийн хуульд заасан ял хүлээх гэмт хэрэг гэдгийг мэдээгүй, 9,8 хувь нь л хор уршигтай үйлдэд хийж байгаагаа ойлгож байсан гэж хариулсан байна. Мөн хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд архидан согтуурах явдал нөлөөлж байна. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 400 хүүхдийн эрүүгийн хавтас хэрэгт хийсэн судалгаанаас үзэхэд тэдгээрийн 14 хувь нь архи ууж соггуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байлаа.[8] Хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх явдал сүүлийн үед сэтгэл түгшээсэн асуудал болж байна. Манай орны хувьд хар тамхи хэрэглэдэг, үйлдвэрлэдэг, худалддаг зэргээр дэлхийд давамгайлж буй хоёр том гүрний дунд оршдог, нөгөө талаар манай оронд хар тамхины ургамал зэрэг олс нилээд ургадаг зэргээс үүдэн хүүхдүүд хар тамхийг сонирхон татах, мансуурах, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх хандлаг их байна. Хар тамхи, мансууруулах бодисыг худалдах, хэрэглэх, худалдан авах үйл явцад өсвөр насны хүүхдүүд оролцож байгааг Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Орхон аймгийн 15-25 насны залуучуудын дунд хийсэн судалгаагаар илэрсэн байна. Нийгмийн харилцааны доголдолтой байдал гэр бүлийн таагүй байдал, эцэг, эхийн үл хайхрах, гэр бүл салалт зэрэг олон нөхцөл байдлаас болж хүүхдүүд ихээр мансууран түр хугацаанд сэтгэлийн зовлонгоо мартах нэрийдлээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж амь насаа алдах болон гэмт хэргийн оролцогч, золиос, хамтрагч болж байгаа нь өнөөгийн нийгмийн хамгийн аймшигтай дүр зураг болж байна.

Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас дүгнэлт хийхэд, хүүхэд гэмт хэрэгт өртөгдөж байгаа шалтгаан нь тэдний сэтгэхүйн онцлогтой холбоотоой байдаг байна. Тухайлбал, амьдралын туршлаггүй, аливаа үйл явдлын мөн чанарт хандах чадвар мөхөс, бусдыг дууриах, тэдний харш үзэл бодол, үйл ажиллагааг ойлгохгүй уруу татагдах, эцэг, эх болон ойрын хүмүүсээс тэдэнд тавих хараа хяналт сул, тэнэмэл зэрэг нөхцөл байдлууд нөлөөлдөг байна.

Ер нь хүүхдийг гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа ял шийтгэл оногдуулахаас илүүтэй гэмт хэрэгт өртөгдөх, дахин гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулахад судалгаа шинжилгээ, тодорхой төлөвлөгөөгүй явуулах боломжгүй бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, сургууль, орон нутгийн байгууллагын оролцоотой хамтын үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юм.

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу 16-аас дээш насны хүүхэд гэмт хэрэгт хариуцлага хүлээхээр заасан. Зөрчилд холбогдсон хүүхэд нь Үндсэн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээдэг байна. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхэд нь хуулийн дагуу мөн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд энэ нь шударга ёсны зарчимтай зөрчилддөггүй. Харин эрх зүйт төрийн нэг үндсэн зарчим болох хүнлэг ёсны зарчимтай уяалддаг байна. Энэ хөнгөлөлт нь гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ, хүүхдийн нас зэргээс хамаарна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд чиглэсэн хууль зүйн арга хэмжээ нь хүүхдийг сургах, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлахад чиглэдэг.

Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт явдалаас урьдчилан сэргийлэхэд удирдлага болгох НҮБ-ын зарчим буюу 19990 оны Эр-рядын үндсэн зарчим хэмээх олон улсын баримт бичигт хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг иүр дүнтэй болгохын тулд тухайн нийгэм, хамт олон бүхэлдээ хүчин чармайлт гаргах шаардлагтайг онцлон тэмдэглэсэн. Энэхүү зарчимд хүүхэд алдаа гаргах эрхтэй хэмээн үзсэн нь зарчмын хамгийн чухал тал юм. Гэмт хэрэг үйлдсэн юм чинь шийтгэх ёстой гэсэн үзлээс илүү хүүхдийг хүмүүжүүлэх ёстой гэсэн үзэл баримтлал бол насанд хүрээгүйчүүдийн гэмт явдалаас урьдчилан сэргийлэхэд мөрдөгдөх суурь зарчим мөн. Иймээс гэмтхэрэг үйлдсэн хүүхдийг сургуулийн орчинд хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хүний эрхийн мэдлэг олгох, эрх зүйн хэм хэмжээг амьдралд хэрэгжүүлэх практик дэдэл чадвартай болгох нь чухал байна.

Сургууль бол хүүхэд гэр бүлээс гадна ихэнх цагаа өнгөрүүлдэг хүүхдийн 2 дахь гэр болсон газар байдаг. Боловсролын байгууллага нь хүүхдийн өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үзэл төлөвшүүлэх, хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг эерэг тийш нь хандуулах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх буюу сахилгын арга хэмжээ авахаас зайлсхийх, ялангуяа бие махбодийн хувьд хатуу шийтгэл оногдуулахгүй байх, тэдэнд тусалж дэмжих зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэрээ оруулдаг. Өнөөдөр дэлхийн олон улс оронд социал буюу нийгмийн баримжаат эрх зүйн үзэл баримтлалыг гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал дээр хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Хүүхдэд алдаагаа засах боломж олгох, эргээд нийгэмшихэд нь туслах, түүнд төр хийгээд бусад байгууллагын зүгээс анхаарал халамж тавьж байна.

Хүүхдийн эрхийг хангах баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг, зарчмын шинжтэй хамгийн чухал үзэл санаа бол хүүхдийн эрхийг эн тэргүүнд ханган хамгаалах зарчим юм. Энэ зарчим 10 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл 2 дахь хэсэгт зааснаар төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрмэлзэх зарчмыг баримтлана.

Энэ нь тухайн хүүхдэд, гэмт хэрэг үйлдсэн эсэхэээс хамаарахгүйгээр үйлчилдэг зарчим юм. Хүүхэд гэмт хэрэг үйлдсэн ч энэ нь хүүхдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаад анхаарал хандуулж, хүүхдийн амьдрах хөгжих эрхийг нь хэрэгжүүлэх, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой ач холбогдол өгөх цаг болсон байна. Манай оронд хүүхдийн амьдрах эрхэд ноцтой хохирол учруулж амь насыг нь хөнөөсөн тохиолдолуудыг авч үзвэл юуны өмнө хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их хувийг эзэлсээр байна.

Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол хүүхдийн эрхийг хамгаалж нийгмийн хөгжлийг түргэтгэх өргөн хүрээтэй арга хэмжээ авах, ядууралд анхаарлаа хандуулах явдал юм. Олон улсын туршлагаас үзэхэд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг хуулийн байгууллагын хараа хяналтан дор байлгахаас илүү тэдэнд нийгмийн халамжийн зохих шаардлагтай үйлчилгээг үзүүлэх нь үр дүнтэй байдаг байна. Иймээс манай улсад гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг цагдаагийн хараа хяналтын дор байлгадаг практикаас татгалзаж тэднийг засаж залруулах ажлыг нийгмийн халамжийн байгууллагын үүрэг болгох нь чухал юм. Мөн хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн тоог бууруулахад авч хэрэгжүүлж байгаа гол бодлого нь хүүхдэд эрүүл өсч торних, боловсрол, мэдлэг, зөв хүмүүжил олгох нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгэм дэх ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, сургууль завсардах шалтгааныг илрүүлэн арилгах арга хэмжээ авах хэрэгтэй юм.

Монгол улсын Үндсэн хуулинд заасан журамт үүрэгийн нэг болох үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг үндсэн үүрэг болгон хуульчилбал эцэг, эхээс хүүхдэдээ тавих хяналт сайжирч хараа хяналтгүй хүүхэд, гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо эрс буурах үндэслэл байгаа юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэмт хэрэгт холбогдуулсан, гудамжинд гаргасан эцэг, эхчүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авдаг эрх зүйн тогтолцоотой болох шаардлага амьдралаас зүй ёсоор урган гарч байна.

Ашигласан материал:

  1. Монгол улсын хүн ам орон сууцны тооллого 2000 он, Үндэсний статистикийн газар, 2001 он
  2. Хууль зөрчсөн хүүхдийн асуудал-Монголд, УБ, 2002 он, 10 дахь тал
  3. Энциклопедия преступлений и наказаний. Дети-
  4. преступники, ред. Ю. И. Иванов, 1996 , стр 640
  5. Нийслэлийн цагдаагийн газрын ХГХТХ-ийн статистик, 2010
  6. Нийслэлийн цагдаагийн газрын ГХТХ-ийн статистик, 2011
  7. Монголын хүүхэд эмэгтэйчүүдийн байдлын дүгнэлт 2000, ЮНИСИФ
  8. Хүүхдэд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага судалгааны тайлан, Уб, 2006
  9. Хүүхэд гэмт хэрэгт холбогдож буй шалтгаан, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан судалгааны тайлан, Уб, 2004
  10. Ц.Цэлмэг, Криминолги, Уб, 2005, 123 дахь тал
  11. Хүүхэд ба хууль ёс, Уб, 2008

Хянасан: Б. АРИУНБАЯР

[1] Монгол улсын хүн ам орон сууцны тооллого 2000 он, Үндэсний статистикийн газар, 2001 он

[2] Хууль зөрчсөн хүүхдийн асуудал-Монголд, Уб, 2002 он, 10 дахь тал

[2]Энцикпопедия преступлений и наказаний. Дети-преступники, ред. Ю. И. Иванов, 1996 , стр 640

[3] Нийслэлийн цагдаагийн газрын ХГХТХ-ийн статистик, 2010 он

[4] Нийслэлийн цагдаагийн газрын ГХТХ-ийн статистик, 2011

[5]Монголын хүүхэд эмэгтэйчүүдийн байдлын дүгнэлт 2000, ЮНИСИФ

[6] Хүүхдэд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага судалгааны тайлан, Уб, 2006

[7] Хүүхэд гэмт хэрэгт холбогдож буй шалтгаан, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан судалгааны тайлан, Уб, 2004

[8] Ц.Цэлмэг, Криминолги, Уб, 2005, 123 дахь тал

Шинэ мэдээ
Архив