УДИРДЛАГЫН ЁС ЗҮЙ !!!

Ч.Лхагважав
/Доктор (Sс.D) профессор/

Шинэ толь №78, 2015

УДИРДЛАГЫН ЁС ЗҮЙ

Түлхүүр үг: 

Удирдлагын ёс зүй, удирдах ажилтны ёс суртахууны асуудал бол нийгмийн түүхэн хөгжлийн бүхий л явцад хувь хүний ёс зүй, ёс суртахуунаас илүү чухал тавигдаж ирсэн нь тун ойлгомжтой. Хувь хүний ёс зүйн шалгуурыг тухайн нийгмийн соёлын үнэт зүйлс тодорхой хувь хүнд бүрэлдэн төлөвшсөн байдал гэсэн ерөнхий утгаар нь тодорхойлж болох боловч энэ байдал нь тодорхой нэг хувь хүнийг нөгөөтэй нь ёс зүйн хувьд нь зэрэгцүүлэн үнэлэх, нэгжлэн хэмжихэд хэцүүхэн үзүүлэлт юм. Хорших, хамтрах, нийгэмших үйл явцын турш хүмүүн хоорондын харилцааны үед хүний мөс чанар танигдах тухай ойлголт нь нэг ёсондоо “нийгмийн” ёс зүйн асуудлыг хөндөж байгаа хэрэг ээ. Ёс зүйн шалгуурын тухайд «Нөхрийн сайныг ханилан байж таньдаг» маягаар л үнэлэхээс өөрөөр тодорхойлж хэлэхэд хэцүү, үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг агуулгатай ухагдахуун. Өөрөөр хэлбэл, «Зовох цагт нөхрийн чанар танигдана» гэдэг шиг ёс зүйн хэмжүүрээр тэр бүр амархан үнэлчихээргүй, боловсролын арга замаар л дамжиж төлөвшдөг хүний мөн чанарын тухай ойлголт оо. Тэгээд ч энэ нь нөхцөл байдлын хүчин зүйлээс маш их хамааралтай, бас тэгээд тодорхой нэг бие хүний хувьд «тэрээр бусдадаа хамгийн сайн ёс суртахуунтай мэт харагдах гэж байна уу, эсвэл нийгмийн соёлын үнэт зүйлсийг боловсролоороо оюун ухаандаа шингээсэн дээд зэргийн ёс суртахуунтай хүн үү» гэдгийг шууд мэдэхэд амар хялбар биш. Тэр тусмаа бидний хувьд шинэ тулгар байгаа иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тухай, мөн энэ нийгэм дэх удирдлагын ёс зүйн тухай асуудлыг хөндөж ярилцах нь нэлээд ярвигтай байж мэднэ. Тэгээд ч ёс зүй нь нийгмийн хөгжлийн төвшинтэй хамт хөгжиж боловсронгуй болж байдаг хүний мөн чанарын тухай ухагдахуун юм. Иргэн бүр чанартай боловсролтой, өөрөөр хэлбэл, бидний өнөөгийн ойлголтоор бол хүн бүр «жолоодогчоос жолооч хүртэл, маршалаас малчин хүртэл» бүгдээрээ дээд боловсролтой байх боломж нөхцөл бүрдсэн, чанартай боловсрол нь хүний мөн чанарыг аяндаа төлөвшүүлэхээр хөгжсөн тийм боловролжсон, иргэний ардчилсан нийгэмд ёс зүйн асуудалд яаж хандах ёстой вэ?

Хэмжихэд хэцүү хэдий ч ёс зүй нь удирдагч хүний үйл ажиллагааны барилд, өөрөөр хэлбэл, хамт олныхоо зохион байгуулалтын бүтэц, арга, хэлбэр, зорилгыг тодорхойлох болон шийдвэр гаргах сэтгэлгээний хэв маяг, арга барил болон хүн хүч, нөөц хуваарилах байршуулах зарчим хандлага зэрэгт нь шууд нөлөөлж байдаг.

Энд ямар нэгэн тодорхой жишээ авч ярилцвал илүү ойлгомжтой гэж бодож байна. Монгол улсын иргэний харъяатын асуудлаар бид саналаа илэрхийлэх хэрэгтэй байна гэж бодъё л доо.

Энэ асуудлыг шийдэхдээ:

  • Ураг төрлийн уламжлалаар нь;
  • Нутаг дэвсгэрийн зарчмаар;
  • Зөвшөөрлөөр

гэсэн 3 хувилбарын зөвхөн нэгийг сонгохоор шийдвэр гаргах болбол Та аль хувилбараар шийдэх вэ? Нэг хувилбарыг сонгосныхоо дараа шударга ёс, эрх чөлөө, ардчилал зэрэг ерөнхий зарчмыг үндэс болгосон үнэт зүйлсээ эргэн санаад шийдээ тунгаан бод, шийдвэр гаргахад хялбар байв уу? Мөн шийдээ зөв гэдэгт эргэлзэж байна уу, үгүй юү? Ингэж эргэцүүлэхдээ эрхэмлэдэг үнэт зүйлст маань зөрчил гарсан уу, шийдвэр гаргахад хялбар байв уу гэж эргэж бодох юм бол энэхүү шийдвэрт тань лавтайяа Таны эрхэмлэдэг үнэт зүйлс нөлөөлж байгааг Та амархан мэдэрч ойлгох болно.

Өөр жишээ татъя. Монгол улсад цагаачлалаар ирэх иргэдийн асуудлыг зохицуулах шийдвэр гаргах хэрэгтэй байна гэе. Монголчууд бид ядарсан зүдэрсэн хүнд туслах, өрөвдөх сайхан заншилтай. Бидэнд ах дүүгийн ёс, хүнлэг энэрэнгүй үзэл, хүний тэгш эрх хэмээх манай нийгмийн үнэт зүйлс байдгийн дотор бас ядарсанаа өмөөрөх, зочломтгой зан заншлаараа монголчууд бид бүгдээрээ бахархдаг билээ. Түүнээс гадна монголын иргэд амар тайван, чинээлэг сайхан амьдрах, ажил эрхлэлтийн өндөр төвшин, аюулгүй нөхцөл байдал зэрэг соёлын үнэт зүйлсийг бид бас эрхэмлэдэг. Тэгээд энэ асуудлыг шийдсэн хувилбараа эргээд боддоо. Удирдагч хүнд шийдвэр гаргах бүрд үнэт зүйлс хоорондоо зөрчидөхөөр нөхцөл байдал тааралдана.

Байгууллагаа хамгийн үр ашигтай үйл ажиллагаатай болгоё гэсэн ерөнхий зорилго хэрэгжүүлэх шаардлагатай байна гэе. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, шинэ үнэт зүйлс эрхэмлэх болсон үед байгууллагын тогтолцооны хийгээд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болох нь мэдээж. Шинэ тогтолцоонд хуучин арга үр дүнгүй. Энэ өөрчлөлтөөр бас байгууллагын орон тооны цомхотгол зайлшгүй болж магадгүй. Тэгвэл ийм нөхцөлд хэний ч эрх ашиг хохирохгүй, байгууллагын эрх ашиг хохирохгүй, үндэсний эрх ашигт нийцсэн, тийм нэг нь ч хохирохгүй байхаар оновчтой шийдэл хай. Сайн бодож боловсруулбал олдоно.

Яг энэ агшинд удирдагч Танд шинжлэх ухаанч ёс зүй, хүмүүнлэг ёс суртахуун шаардлагатайг мэдрэх болно. Ямар ч болсон «Хүмүүн» бол түүний ямар итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй, ямар үндэстэн ястан, эсвэл ядуу баян эсэхээс үл шалтгаалан, ямар хүйс, нас сүүдэр, үзэл бодолтойгоос үл хамааран дээдийн дээд «үнэт зүйл» хэмээн түүнд хүмүүнлэг ёс суртахуунаар хандах нь дэлхийн нийтэд түгээмэл ёс зүй болсон, мөн энэ үнэт зүйл нь мөн чанараараа та бидэнд боловсролоор дамжин шингэсэн учраас нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийн улмаас хэн ч хохирох ёсгүй гэдгийг зөнгөөрөө мэдрэх нь ойлгомжтой асуудал. Тэгвэл энэ хүн, түүний удам угсаа ирээдүйд мөн сайхан таатай хөгжлийн орчинд амьдрах ёстой гэдэгтэй ч хүн бүр санал нийлнэ, энэ талаар огтхон ч маргахгүй ээ. Гэтэл түргэн хурдацтай хөгжил нь Монгол улсын үндэсний дээд эрх ашиг. Эндээс удирдагч хүмүүст тухайн нийгмийнхээ хөгжиж буй соёлын үнэт зүйлсээр баримжаалан шийдвэр гаргахдаа нухацтай бодож боловсруулах шаардлага гарна. Ийм л нөхцөл байдал та бидэнд тулгарлаа гэж төсөөлье. Чухамхүү энэ агшинд та бид өнөөдрийн хүмүүсийн ирээдүйн хөгжилд баримжаалсан шинжлэх ухаанч ёс зүйн мөн чанарын тухай эргэцүүлэн бодвоос байгууллагын удирдагч хүнд аливаа шийдвэр гаргахад нийгмийн соёлын үнэт зүйлс ямар их нөлөөтэй болох, удирдлагын ёс зүй ямар чухал ач холбогдолтойг ойлгож эхэлнэ гэж бодож байна.

Дээрх зүйлсийг өгүүлэх явцад шинжлэх ухаанч ёс зүй, хүмүүнлэг ёс суртахуун, соёлын үнэт зүйлс, боловсролжсон нийгэм, иргэний мөн чанар, зөнгөөрөө мэдрэх гэх мэт бид тэр болгон түгээмэл хэрэглэдэггүй нэр томъёо энд гарсаныг Та анзаарсан байх. Тэгвэл, удирдлагын ёс зүйн асуудлыг хөндөхийн өмнө ёс зүйтэй холбоотой зарим нэр томъёо, тэдгээрийн уялдаа холбооны талаар хамтдаа эрэгцүүлэн бодоцгооё.

Хүмүүнлэг ёс суртахуун, ёс зүй хувь хүнд соёлоор, боловсролоор дамжин төлөвшсөөр иргэний мөн чанар болон хувирах учиртай. Тэгвэл соёл гэж юу вэ гэсэн ухагдахууныг эргэн санаж, орчин үеийн нийгмийн хөгжлийн явцад баяжсан агуулгаар нь ойлгохыг хичээцгээе.

Орчин цагийн зарим нэр томъёоны тайлбар тольд бичихдээ:

Соёл1

  1. Хүн төрөлхтний үйлдвэр, нийгэмлэг, оюун ухааны талаар гаргасан ололтын цогц.

Соёл2

  1. Түүхэн тодорхой үед бүлэг хүмүүс (ард түмэн) – ийн хувьд амьдралын арга ухааныг нь тодорхойлж, бүрэлдүүлж байдаг ёс заншил, итгэл үнэмшил болон урлаг, нийгэм-эдийн засгийн ухаан;
  2. Чанартай сайн боловсролын үр дүн болж буй урлаг уран сайхны мэдрэмж ойлгоц, тодорхой мэдлэг, мөн сайхан таашаал болон зан үйлийн цогц; 3
  3. Ямар нэгэн зүйлийг сайжруулах, боловсронгуй болгон хөгжүүлэх явдал.

Соёл3

  1. Урлаг, утга зохиол, зан үйл, эрдэм мэдлэг гэх мэт зүйлст дээд зэргийн чанартай танин мэдэх, танилцах арга замаар тухайн хувь хүн, эсвэл нийгэмд төлөвшин бий болох мөн чанар;
  2. Тухайн үндэстэн ард түмэн буюу түүхэн үеийн соёл иргэншлийн хэлбэр, эсвэл үе шат;
  3. Нийгмийн тухайд нэг хэсэг хүмүүсийн аж амьдралын хэвшмэл чанарын нийлбэр бөгөөд түүний үе залгамжлан уламжлуулсан төлөв байдал.

Соёл4

  1. Хүмүүс хоорондоо болон өөрөө өөртэйгөө, мөн байгальтай харьцах харилцаанд нь, оюун санааны үнэтзүйлст нь, нийгмийн хэм хэмжээний болон байгууламжуудын тогтолцоонд нь, эд өлгийн хийгээд оюун санааны хөдөлмөрийн бүтээлд нь илрэн илэрхийлэгдэж байгаа, хүний амьдралын үйл ажиллагааны хөгжлийн, бас зохион байгуулалтын арга зам

гэх мэт өргөн утгаар нь тодорхойлсон байдаг. Соёлын тухай ухагдахууныг ойлгоход тухайн бүтээлийн зохиогч болгоны итгэл үнэмшил талаас харах нь сонирхолтой байх болов уу гэж энд ийнхүү олон номноос ишлэл авч хэд хэдэн тодорхойлолтыг сонголоо. Эдгээр тодорхойлолтыг тус бүрээр нь дахин дахин эргэцүүлж, сайн “ухаж” ойлговол нийгмийн “соёл” ба түүний “үнэт зүйлс” хоорондын шүтэлцээг анзаарах болно.

Энэхүү харилцан хамаарал, шүтэлцээг шууд тодорхойлон илэрхийлэхэд хүндрэлтэй боловч “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг маань тэр шүтэлцээг л илэрхийлж байгаа сургаал ч гэвэл гэмээр, егөөдөл ч гэвэл гэмээр энгийн хэрнээ гүнзгий агуулгыг илэрхийлж байна.

Одоо соёл, түүний үнэт зүйлс хоорондох ийм нарийн шүтэлцээ, хамаарлын тухай нэгэн жишээгээр тодруулан тайлбарлахыг оролдоцгооё. Аливаа улс үндэстний үе үеийнхний уламжлалт соёлын хөгжлийн бодит үр дүн болох урлагийн бүтээлээр жишээ авъя. Бурханы хөрөг. Ази, Европийн улс түмний урлагийн энэхүү гайхамшигт сайхан бүтээлийг хооронд нь харьцуулахад аль аль нь бишрэх сэтгэгдэл төрүүлэх боловч цаад агуулгаараа ариун шүтээн гэсэн ерөнхий нэг санааг илтгэх мөртлөө гадаад илэрхийллээрээ хоорондоо яагаад эрс өөр байна вэ гэсэн сэтгэгдэл та бидэнд өөрийн эрхгүй төрнө.

Ийм сэтгэгдэл төрж болохыг 1 дүгээр зурагт Дүйнхэр5 болон Ангел6 бурхдын дүрслэлээр үзүүлэв. Урлагийн бүтээл бол соёлын нэгэн төрөл зүйлд хамаарах биежсэн тодорхой нэг хэсэг нь. Тэгвэл агуулгаараа ижил санааг илэрхийлсэн соёлын тодорхой төрөл – бүтээлийн гадаад дүр төрх өөр байгаагийн учир нь юу гэвэл үнэт зүйлсээ эрхэмлэх эрэмбэнд байна гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Азийн үндэстнүүд, тэр дотор монголчууд, эд өлгийн чанар чансаанд ач холбогдол өгөхөөсөө илүү оюун ухааны хүчин чадалд бишрэх үнэт зүйлсийг эрхэмлэдэг (“Эдээр биеэ чимэхээр, Эрдмээр оюунаа чим” гэдэг) учраас бүтээсэн бурханы хөрөг нь илүү хээ гуа, цэцэгсээр дүүрэн, хийсвэрлэл нь гайхагдахаар, шүтэгдэхээр, айдас төрөн сөгдөхөөр, магадгүй, Европийн орны хүүхдүүд манай бурханы дүрийг үзээд айж мэдэхээр тийм зураглал бууна. Мөн Азийн улс орнуудын төрийн тогтолцоо нь босоо шатлалын дагуу зэрэг зиндааны хатуу жаягтай, төрөө дээдлэх үнэт зүйлсийн үнэмлэмж давамгайлж байдаг, бөхчүүдийн адил цолоор, насаар эрэмбэлэх дэг журам – ёс заншлаа эрхэмлэх зэрэг өөр бусад олон үнэт зүйлсийн цогц нь бурханы хөргийг яг иймээр, өөрөөр биш, чухамхүү тийм хийсвэрлэлд шүтэхээр болгожээ гэх сэтгэгдэл танд төрж байгаа болов уу. Тэгвэл нийгмийн соёл, түүний үнэт зүйлсийн хоорондох шүтэлцээ ийм нарийн нийлмэл байх ажээ.

Эндээс үнэт зүйлс буюу дээдлэн эрхэмлэх үнэлэмж нь аливаа ард түмний соёлын суурь үндэс нь болдог байна гэх үндэслэл гарч байна.

СОЁЛ хэмээх ухагдахууныг 2 дугаар зурагт үзүүлснээр далай доторх мөсөн уултай зүйрлэж, соёлын тухай ухагдахууныг ойлгох хялбаршуулсан тулгуур дохио болгож дэлхий нийтээр ярилцдаг жишээг энд ишлэл болгож байна.

(Хувь зураг)

алт тэрэгний, эсвэл нисэх болон усан онгоцны буудал дээр анх ирээд ажихдаа хүмүүс зөвхөн барилга байгууламжийн гадаад хийц, үзэмж, ард иргэдийн харилцаа, зан үйл, үйлчилгээний ёс жаяг болон ерөнхий байдал, өмссөн хувцасны хийц маяг зэрэг тухайн ард түмний зөвхөн нүүр царай болох соёлын 10%-ийг л олж үзэж болно. Үлдсэн И()%-ийг нэлээд гүн гүнзгий ул үндэстэй ажиглалт, зарим үед судалгаагаар илрүүлэх бөгөөд үүнийг “соёлын үнэт зүйлс” – “values” – “ценность” – гэж шинжлэх ухааны хэллэгээр хэрэглэж даджээ.

 

Ер нь хүн төрөлхтөн нийгэмших хөгжлийн явцдаа нийтлэг үнэт зүйлс эрхэмлэдэг нь илэрхий байдаг хэдий ч улс үндэстэн бүрийн иргэд амьдрал ахуйдаа, ажил үйл бүтээхдээ, ялангуяа, тодорхой шийдвэр гаргах, үйлийн арга ухаан сонгох үедээ эдгээр үнэт зүйлсээ эрэмбэлдэг. Үүний жишээ болгож америкийн болон европийн нийгмийн соёлын үнэт зүйлсийг харьцуулсан 1 дүгээр хүснэгтийг энд үзүүлэв.

Амьдрал ахуйн хэвшил, сэтгэлгээний хэв маяг, тэр ч байтугай барилга байгууламжийн хийц, урлаг – утга зохиолын агуулгын илэрхийлэл, хүнтэй мэндлэх ёс жаяг зэрэг нийгмийн соёлын өнгө аяс, мөн чанарын суурь болсон зарим үнэт зүйлсийн харьцуулалт хийсэн судалгааны нэгэн дүн болох 1 дүгээр хүснэгтийг илүү анхааралтай ажвал энэ нь та бидэнд олон зүйл эргэцүүлэх боломж олгож байна.

 

1 дүгээр хүснэгт

 

“Соёлын” үнэт зүйлсийн харьцуулалт (“values” – “ценность” — “соёлын үнэт зүйлс” -ийн зарим жишээ)

 

Америкийн нийгмийн Европийн нийгмийн соёлын үнэт
соёлын үнэт зүйлс зүйлс (Азийнх төсөөтэй)
1 Time 1 Human Interaction
  Цаг хугацаа   Хүний харилцаа
2 Personal Control over Environment

Орчиндоо хувь хүн хяналт тавих

2 Fate

Хувь тавилан / Заяа төөрөг

3 Self-Help

Өөртөө итгэж өөрийгөө хөгжүүлэх

3 Birthright Inheritance Эрх залгамжлах, өв залгамжлах
4 Change

Өөрчлөлт

4 Tradition/Stability  Уламжлал / Тогтворт чанар
5 Future Orientation Ирээдүйд баримжаалсан 5 Past Orientation

Өнгөрсөнд баримжаалсан

6 Individualism

Хувь хүний хөгжлийг

чухалчлах

6 Group Welfare

Бүлгийн чинээлэг аж байдлыг чухалчлах

7 Competition

Өрсөлдөөн

7 Cooperation

Хорших хамтын ажиллагаа

8 Equality

Тэгш ёс

8 Hierarchy

Нас, алба эрэмбэлэх

9 Informality

Албархаг бус зан байдал

9 Formality

Албархах зан байдал

10 Practicality

Амдьралд тулгуурлахыг урьдал болгох

10 Idealism

Үзэл санаанд тулгуурлахыг урьдал болгох

11 Action/Work

Үйлдэл / Ажилд баримжаалах

11 “Being” Orientation

Хэн болоход нь баримжаалах

12 Materialism

Материаллаг байдалд чухал байр суурь өгөх, түүнийг чухалчлах

  Spiritualism

Оюун ухаанлаг байдлыг чухалчлах, эрхэмлэх

Жишээлбэл, хүн төрөлхтөн цаг хугацаа, хүний харилцааг үнэт зүйлсээр эрхэмлэдэг хэдий ч асуудал шийдэх, арга зам сонгох үедээ америкийн нийгэмд цаг хугацааг хүний харилцааны удаад буюу харилцаанаас илүү эрхэмд цаг хугацааг үзэж байхад европид эсрэгээр шийдэж байгаа нь эдгээр нийгмийн соёлын төсөөтэй болон ялгаатай шинж чанарыг илтгэж байх жишээтэй юм.

Гудамжинд олон жил уулзалдаагүй, нэг ангийн хоёр найз гэнэт тааралдаад мэнд усаа мэдэж, сайхан тааламжтай яриа ид өрнөх үед нөгөө найз маань цагаа харснаа баяртай гэхээс өөр нэг их ярилгүй яваад өгвөл Танд ямар сэтгэгдэл төрөх вэ?

Америкийн нийгэмд энэ нь болзсон, тохирсон цагтаа яарлаа, аргагүй дээ, цаг байсан бол ч гээд өөрөө төлөвлөсөн болзсон цагтаа бас л яарсаар явна. Тэгвэл европийн нийгмийн соёлоор ёс зүй нь төлөвшсөн хүнд энэ бол ойлгомжгүй, магадгүй гайхашрал төрүүлж болох. Энэ хүснэгтээс үзэхэд Европи үндэстэн хүн салахдаа яарч байгаа тухайгаа заавал тайлбар хэлээд, дараа уулзах хаяг усаа (нэрийн хуудсаа) солилцоод явбал ийм зан үйл илүү ойлгомжтой, илүү тааламжтай байх нь мэдээж байна. Тэгэхдээ аль ч нийгэмд иргэншсэн, боловсролжсон хүмүүст цаг хугацаа, хүний харилцаа аль аль нь маш чухал үнэт зүйлс. Хүн алхам тутамдаа зорилгоо тодорхойлж, үйлдлийн шийдэл гаргаж байдгийг төвөггүй анзаарч болно. Энэ үед соёлын үнэт зүйлсийг эрэмбэлэхэд нь ёс зүй, ёс суртахуун маш чухал байдгийг тэр бүр анзаардаггүй байж болох юм. Энэ нь эргээд үйлдлийн үр дүнд бас нөлөөлдөг байна.

(Зураг гэр бүл)

Хувь хүнд шингэсэн, тухайн тэр хүний зөвхөн түүнд л илрэхүйц өвөрмөц мөн чанар болсон, тэр хүний хувьд «соёлын үнэт зүйлс» нь бол нийгэм-сэтгэл зүйн давтагдашгүй дотоод ертөнц юм. Хүн гүн гүнзгий итгэл үнэмшил болсон үнэт зүйлс, хандлагын баримжааллаа бүр багадаа эцэг, эх ойрын хүрээллийн орчноосоо олж авч төлөвшүүлсэн байдаг боловч боловролжихын хэрээр бас өөрчлөгдөн “чанаржина”. Үүнийг менежментийн шинжлэх ухаанд 3 дугаар зурагт7 дүрсэлснээр тулгуур дохио болгож харуулсан байдаг шүү дээ.

Тухайн нийгмийн соёлын үнэт зүйлс нь тодорхой хувь хүний зан үйлд төлөвшин тогтох хэр хэмжээ өөр өөр байдаг тэр зүй тогтлын дагуу хүн бүрийн дотоод ертөнцийн давтагдашгүй чанар тодорхойлогддог. (Тэгээд ч эрхэмлэх үнэт зүйлс нь хувь хүний ажил үйлс гүйцэтгэх арга барил, сэтгэлгээний хэв шинж, шийдвэр гаргах үндэслэл, баримтлах ёс зүйн агуулгыг илэрхийлж байдаг). Амьд амьтан бүрд үр төлөө үлдээх, тэжээх, өсгөх гэсэн ёс зүйн анхдагч бүрдэл хэсэг нь байгаалиас кодлогдсон байдаг бөгөөд энэ нь өнөөдрийн амьд явах, оршин тогтнох гэсэн ашиг сонирхлоос илүү үнэ цэнэтэй зүйлс байдгийг бид мэднэ. Нийгэмших явцад энэ нь “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэсэн санаагаар илэрч байна. Харин нийгэмшин хамтарч амьдрах нь маргаашийн, ирээдүйн хувийн ашиг сонирхол учраас нэлээд боловролжсон сэтгэлгээ бүхий хүнд л шингэсэн байх зөн бөгөөд ёс зүйн “хил” зөрчигдөх нөхцөлд энэ зөн нь өнөөдрийн хувийн ашиг сонирхол, ирээдүйн хувийн ашиг сонирхлоо аль алийг нь хохироохгүйгээр шийдэх чадвар болдог байна.

Энд өгүүлж байгаа зүйлийн агуулгаас болон 3 дугаар зургаас үзэхэд хувь хүний ёс зүйн төлөвшилд анхдагч нөлөөлөл үзүүлэгч хүчин зүйл бол гэр бүл, орчин, тэгээд бусад хүрээллээс янз бүрийн ул мөр – хэв үлдээхүйцээр нөлөөлдөг нь ойлгомжтой байна. Эдгээр хүчин зүйл нөлөөлөхдөө тэр цаг үеийнхээ нийгмийн соёлын орчинд боловсролоор дамжин тухайн хувь хүний мөн чанарт шингэх учраас иргэн хүний дотоод ертөнц давтагдашгүй байхаас аргагүй. Тийм ч учраас монголчууд бид ардын зүйр цэцэн үгэндээ: «Хүний биеийг төрүүлэхээс сэтгэлийг төрүүлдэггүй» гэдэг билээ. Нийт хүн төрөлхтний хувьд ёс суртахууны сургаал, гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн явцад хувь хүний дотоод мөн чанарын давтагдашгүйн тухай мөн л адил манай монгол ардын цэцэн үгийн утга санааг илэрхийлсэн сургаал үг үлдээсэн нь одоо ч утга санаагаа алдаагүй хэвээр байгааг тэмдэглэмээр. Жишээлбэл, манай эриний өмнөх 5 дугаар зуунд эртний Грекийн эрдэмтэн Протагор: «Хүн бол бүх юмсийн хэмжүүр . . . »8 гэж ёс суртахууны хувьд зөвхөн сайн зүйл хийхийг уриалж байхад Горгий амьдралын утга учир, аз жаргал, сайн үйлийн мөн чанарыг илэрхийлэх ёс суртахууны тухайд6:

 

  1. Юу ч оршин тогтнож байгаа биш;
  2. Хэрэв ямар нэгэн зүйл оршин тогтнож байгаа бол, тэрээр танин мэдэгдэшгүй;
  3. Хэрэв тэрээр танин мэдэгдэж байгаа бол тийм танин мэдэхүй нь илэрхийлэгдэшгүй

 

гэсэн сургаал үгсийн цаад утга санаа нь хүн бүр өөр өөрийн гэсэн төсөөлөлтэй, түүнийг нэгтгэн томъёолох боломжгүй, гагцхүү хүн өөрөө л сайн сайхан зүйл хийж байх хэрэгтэй гэж уриалж байгааг ойлгохоор байна. Энэ нь дээр ишлэл хийсэн монгол ардын цэцэн үгийн утгатай агаар нэгийг шууд анзаарч болно.

Өөрөөр хэлбэл, ёс суртахууны хувьд хүн мөн чанараараа давтагдашгүй, тэрээр тухайн нийгмийнхээ соёлын орчинд боловсролын аргаар мэдлэг, дадлага, хандлагаа байнга тасралтгүй өөрчилдөг бөгөөд энэ өөрчлөлт нь чанарын хувьд хүн хүнийх харилцан адилгүй байх зүй тогтолтойн улмаас нийгмийн соёлын үнэт зүйлсийг шингээж төлөвшиж буй ёс суртахууны “зөн билгийн боловсролжих” хэмжээ бас харилцан адилгүй байна гэх үндэс бий. Тэгвэл хүн өөрийгөө танин мэдэх, иргэнших, нийгэмших явцдаа байгалиас удамшсан ёс суртахууны зөн билгийнхээ боловсролжихийн хэрээр шинжлэх ухаанч ёс зүйтэйгээр хүрээлэн байгаа орчинтойгоо харьцдаг юм байна гэсэн бодол төрөх болно.

Энэ “боловсролжсон зөн” гэж юу вэ? Хувь хүмүүст өнөөдрийн хувийн ашиг сонирхол, ирээдүйн хувийн ашиг сонирхол гэж байдаг гэж үзье. Ирээдүйн хувийн эрх ашгийг бид нийгмийн хэрэгцээ, нийгмийн эрх ашиг гэж нэрлэж дадсан. Одоо яг аминд тулсан нөхцөл байдалд яах хэрэгтэйг гол төлөв байгалиас кодлосон удамшлын төрмөл зөнгөөрөө амьд амьтан, түүний дотор хүн мэдэрч эгшин зуурын шийдлээр үйлдэл хийнэ. Ирээдүйн хувийн эрх ашгийн үүднээс юу хэрэгтэй, яах ёстойг хүмүүс нийгмийн соёлоор төлөвшиж байдаг боловсролжсон зөнгөөрөө мэдрээд, улмаар ирээдүйд хандсан тодорхой зорилго бүхий асуудал шийдвэрлэх үедээ эргэцүүлэн бодож боловсруулаад сонголт хийж гүйцэтгэдэг гэвэл та ямар нэг хэмжээгээр санал нийлэх болов уу. Өнөөдрийн хувийн сонирхол бол ямар ч болсон одоодоо амьд байх хэрэгтэй. Гэтэл хүний амьдрал зөвхөн өөрийнх нь амьд явах хугацаагаар хэмжигдэх бус, ер нь хүний амьдрал бол үр удам дамжсан нийгмийн үзэгдэл гэдгийг хялбархан ухаарна. Тэгвэл “Би” амьд байж, нийгмийн амьдрал үргэлжлэхийн тулд бас “Чи” амьд байх хэрэгтэй. Ингээд л амьтны хувьд сүрэглэх, хүний хувьд нийгэмших үзэгдэл эрэмбэ эрэмбээр чанаржиж, үе дамжин хөгжих болно. Эндээс нийт хүн төрөлхтний соёлын үнэт зүйлсийн тухай ойлголт бүрэлдэх болно. Эндээс “миний эрх чөлөө”, “бусдын эрх чөлөө”, “тэгш ёс”, “шударга ёс”, “эв нэгдэл” гэх зэрэг үнэт зүйлсийг хүмүүс эрхэмлэх жишээтэй. Тэгээд цааш нь жаахан гүнзгий бодвол эдгээр ухагдахуун нь зөвхөн нэг төрөл омгийн хүрээнд төдийгүй, нэг улс үндэстний хүрээнд, бүр лавшруулан бодвол дэлхий даяар нийтдээ хамт эрхэмлэн эрмэлзэх үнэт зүйлс болохоос аргагүй, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй болох юм.

Нийгэмшин амьдрах, хамтран ажиллах үйл ажиллагааны үр дүнгийн чанар чансаа нь, өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн хурдац нь нийтлэгээр дагах ахуйн хэвшил, үйлийн арга барилын хөгжлийг ерөнхийд нь тодорхойлогч улс төрийн тогтолцооноос дам хийгээд шууд хамааралтайг бид ухаарах болно. Эндээс “ардчилал”, “хуульт ёс”, “эрх зүйт төр”, “олон ургальч үзэл”, “хүний жам ёсны эрх”, “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө”, “бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэх ёс”, “хүлээцтэй чанар”, “хүмүүнлэг нийгэм”, “иргэний нийгэм”, “ардчилсан нийгэм”, “боловсролжсон нийгэм” гэх мэт үнэт зүйлсийг эрхэмлэн хэрэгжүүлэх шаардлага урган гарах жишээтэй.

Нийгмийн соёлын, тухайлбал, дээр нэрлэсэн үнэт зүйлсийн агуулгын үүднээс «Хүний эрхэм чанар тийм л байх ёстой» гэсэн ухаарлын төвшинд л «боловсролжсон зөн» илэрнэ. Тэгэхлээр байгалиас кодлосон төрмөл зөн, соёлоор төлөвшиж байдаг ухаарлын боловсролжсон зөн хамтдаа хувь хүний ёс зүйн дотоод чанарыг тодорхойлох бөгөөд энэ ёс зүй нь одоогийн болон ирээдүйн хувийн эрх ашгийнхаа өмнө хүлээх хариуцлага болж, гаргах шийдвэрийн сонголтыг тодорхойлно.

Гэхдээ «төрмөл зөн» ерөөсөө муу, «боловсролжсон зөн» заавал сайн гэж зөвхөн «цагаан», «хар»-ын дэнсээр, эсвэл ганцхан өөрийнхөө итгэл, үнэмшлийн хэмжүүрээр “зөв”, ”буруу” гэж асуудалд өрөөсгөл хандаж болохгүй нь ойлгомжтой. Аль зөн нь асуудал шийдэх үед илүү нөлөөлөх вэ гэдэг бол ёс зүй илрэх агшины үе дэх орчин байдлаас ихээхэн хамааралтай.

Ирээдүйн төлөө тэрхүү ёс зүй буюу хариуцлагын шийдвэрээ тухайн агшинд хэрэгжүүлэх эсэх нь олон л хүчин зүйлээс шалтгаалах нь мэдээж. Ямар ч болсон чанартай боловсрол зан үйлд нь хандлага, хүмүүжил болж шингэсэн хүний хувьд бусдад “муу” зүйл хийнэ гэсэн ойлголт сэтгэлд нь тэр бүр орж ирдэггүй юм болов уу гэсэн бодол бидэнд суут ухаалаг хүмүүсийн амьдралын түүх, намтрыг уншиж байх үед төрдөг шүү дээ. Хүн ерөөс нийгмийн соёлын үнэт зүйлс шингэсэн тийм сайхан эрхэм чанартай байх учраас бусад хүмүүс яаж “муу” үйл хийчихнэ гэж бодох вэ, ёстой тэгэж бодох нь ч “нүгэл” болно. Боловсрол, авьяас чадвараар бусдаас дутмаг, гэхдээ боловсролтой, ухаантай, чадалтай хүмүүсээс шударга бус ч хамаагүй аргаар дээр байх, сайхан байхыг эрхэмлэгч хүмүүст л төрмөл зөн нь давамгайлах үед “хорон санаа” төрөхөөс биш, чанартай боловсролоор нийгмийн соёлын үнэт зүйлсийг мөн чанартаа шингээсэн, иргэншин төлөвшсөн, шударга зарчимч ёс зүй бүхий хүмүүст бол төрөхгүй, тэдэнд зөвхөн “сайн санаа” л төрдөг байх гэж бодогдохоор түүхийн олон баримтыг та бид мэддэг. Тэгэхлээр өндөр ёс суртахуунтай суут хүмүүсийн хүний мөстэй сайхан чанарыг ойлгох тусам бахархмаар байдаг.

Энд дэлхийн бүхий л үеийн суут уран бүтээлчид, зураач, хөгжмийн зохиолч, эрдэмтэн судлаач («энд санаанд орсон цөөхөн хүмүүсээс нэрлэж ойрын жишээ болгоход Н.Паганини, А.Эйнштейн, Н.Коперник, Дж.Бруно, Дж.Верди, Микеланджело Боунарроти гэх мэтчилэн дэлхийн бүхий л нэрт сод авьяастай хүмүүсийн амьдрал») олон суут хүмүүсийн намтар түүхээс, тэдний бүтээл, утга зохиолоос эргэн санахад, дахин уншихад улам илэрхий болно. Ялангуяа, бидний үеийн хүмүүсийн хувьд 1920 – 1940-өөд оны үед Орост, мөн Монголд ажиллаж байсан нийгэм, төрийн зүтгэлтнүүдийн амьдрал, тэднийг хилс хэрэгт шүүн байцааж байсан баримт бичигтэй танилцсан, уншсан бол гайхшралын хамт ухаарлын ийм бодол өөрийн эрхгүй төрнө.

Ихэнхдээ хүмүүсийн хандлагад ёс зүйн төлөвшил тогтохдоо итгэл, үнэмшилд суурилдаг нь ойлгомжтой. Ийм учраас хувь хүний ёс суртахууны төлөвшилд аливаа шашин шүтлэг, сүсэг бишрэлийн нөлөө асар их ач холбогдолтой байсан, миний хувийн итгэл үнэмшлээр бол, чанартай боловсролжсон нийгэм дэлхий даяар төлөвштөл тэрээр асар их үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед, боловсролжсон нийгмийн нөхцөлд, шинжлэх ухаанч хандлага хувь хүний ёс зүйн төлөвшилд нөлөөлнө. Гэвч энэ бол ёс зүйн төлөвшлийн төвшин эхээс дөнгөж төрсөн хүүхэд, зуун настны хооронд ялгаагүй байх үе ирнэ гэж зөгнөж байгаа хэрэг огтхонч биш юм. Энэ бол аливаа асуудалд зөвхөн шинжлэх ухаанчаар хандахыг хичээх ёстой л гэсэн үүднээс илэрхийлсэн үзэл санаа болно.

Карл Попперын {“Түүхчлэх үзлийн гуйланчлал”, “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд”, “Шинжлэх ухааны нээлтийн логик”, “Сонгодог физикийн болон Квант физикийн шалтгаалцлыг үгүйсгэх үзэл” (энэ өгүүллийн “Хорин жилийн тэртээ” нэмэлтийн “Шалтгаалцлыг үгүйсгэх үзэл” гэдэг бүлгийг үзнэ үү) зэрэг бүтээлээрээ алдаршсан} томъёолсноор аливаа онол, үзэл санаа, арга барил, сэтгэлгээ, хандлагын “шинжлэх ухаанч чанар”-тай байх шалгуур бол:

  1. Тогтолцооны хувьд дотоод зөрчилгүй байх;
  2. Амьдрал, практик, туршилтаар нотлогдож байх;
  3. Эргэлзэж эргэцүүлэх боломжийг зөвшөөрсөн байх

зарчимд тулгуурласан байх явдал ажээ. Сэтгэлгээний ийм арга барилыг шинжлэх ухаанчаар хандах хандлага гэж нэрлэж байгаа бөгөөд ийм хандлагад суурилж төлөвшсөн ёс зүйг “шинжлэх ухаанч”, ийм хандлага давамгайлсан зөнг “боловсролжсон” гэж ойлгож энд ийм нэр томъёо хэрэглэлээ.

Аливаа нийгэм, нийгэмлэг, байгууллага, хамтлагт үлгэр жишээ болох, манлайлж чадах, чиг зүгийг оновчтой тодорхойлогч хүн болох “жолоодогчоо” сонгох, хүлээн зөвшөөрөхдөө “тэдний өнөөдрийн болон ирээдүйн эрх ашгийн төлөө хариуцлагатай шийдвэр гаргаж чадах” – тийм ёс зүйтэй удирдлагын арга барилыг шалгуур болгон хэн энэ шалгуурыг хангаж байгааг чухалчилдаг. Хувь хүн бүрийн, тухайлбал, удирдагч хүний гаргаж буй шийдвэр болгонд ёс зүйн зарчмын агуулга заавал шингэсэн байдаг. Удирдлагын шийдвэр нь хамт олны өнөөдрийн хийгээд ирээдүйн хамтын эрх ашгийн төлөө хариуцлага байдаг учир удирдагчийг сонгох, томилохдоо түүний ёс зүйг үндсэн шалгуур болгодог нь ойлгомжтой.

Ийм учраас сүүлийн үед төрийн захиргааны удирдлага, менежментийн онолд:

  1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх бүрэн эрхийг хаана байлгах, хэнд шилжүүлэх вэ, энэ тохиолдолд менежментийн нарийн мэргэжлийн шалгуурыг аль эрэмбийн эрх ашгийн үүднээс ямар зорилгоор хэрэглэх вэ?
  2. Хүний нөөц, технологийн арга хэрэгслийг байршуулахдаа зохион байгуулалт, үйл ажиллагаанд нь ямар горим тогтоож боловсронгуй болгох вэ? Ингэж боловсронгуй болгохдоо байгууллагын эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлэхээс өөр, “сайн” боллоо гэдгийг нь хэмжихчихээр ямар шалгуур байж болох вэ?

гэсэн асуудалд онцгой анхаарах болж байна. Энэ хоёр асуудлын шийдлийн аль аль нь соёлын үнэт зүйлстэй холбоотой, удирдлагын ёс зүйд хамаарах асуудал юм. Шийдвэр гаргах явцад үнэт зүйлсийн эрэмбэлэх үйлдэл нь сэтгэлгээ, арга барилд биежин, илрэлээ олох бөгөөд энэ нь эцэстээ сайн, муу, эсвэл зохимжтой, үл зохимжтой, өөрөөр хэлбэл, чухал, чухал бишийн тухай асуудалтай тулгарч байна гэсэн үг юм.

Төрийн захиргааны удирдлагад маш чухал цөм асуудал бол тухайн хүний соёлын үнэт зүйлээр илэрхийлэгддэг зорилго тодорхойлолт, хэрэгжүүлэлт болон үнэлгээ, хяналтын үйл ажиллагаа, бас аргын сонголт, аргаа боловсронгуй болгох сэтгэлгээ юм.

Нийгмийн соёлын шинэ үнэт зүйлс рүү, хүний мөсийн эрхэм чанар луу боловсролжсон зөнгөөрөө тэмүүлэхийн хамт төрмөл зөнгөөрөө хардах, сэрдэх үзэгдэл хамтдаа оршин тогтдогийн учир их гүн гүнзгий эх сурвалж бүхий шалтгаантай, бүхий л үед байнга хувьсан өөрчлөгдөх хүрээлэн буй орчноос шалтгаалах бөгөөд урьдчилан таамаглаж тодорхойлолт өгөх боломж багатай, судалгааны тусгай сэдэв бололтой.

Төрмөл зөн хэдийд давамгайлах тухай асуудал бас л хялбархан хэлчих, тодорхойлчих зүйл огтхон ч биш. Гол нь тухайн хүний төрж өссөн орчин, боловсролжсон байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах биз ээ. Ийм ч учраас удирдлагын аливаа шийдвэрийн цаана, шийдвэр гаргаж байгаа арга барилын цаана хүний мөн чанар, хүний зан үйлийн тухай өөрийн гэсэн үзэл зайлшгүй байдаг тул “Үнэт зүйлс ба захиргааны удирдлага” сэдвээр ярилцахад менежментийн “X” онол, “У” онолын тухай тэмдэглэдэг билээ.

Энэ 2 дугаар хүснэгтээр хүний мөн чанарын тухай хоёр өөр хандлага удирдлагын арга барил дээр хэрхэн илэрч байгааг үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, 2 дугаар хүснэгт10
“X” онолын үнэт зүйлс “У” онолын үнэт зүйлс
баримжааллын тогтолцоонд: баримжааллын тогтолцоонд:
1. Хүн бол ажлаас аль болохоор зайлсхийхийг оролддог бөгөөд хүн бол ажилд дургүй гэсэн байр сууринаас ханддаг (ерөнхийдөө хүмүүст үл итгэсэн байр суурь). 1. Хүний сайн сайхан эрмэлзэл, сайн үйлсэд гүнзгий итгэсэн байр сууринаас хандаж нөхцөл нь бүрдвэл хүмүүс идэвхтэй ажиллах, хариуцлага хүлээх хүсэлтэй.
2.Ажлын чанарыг сайжруулахын тулд шууд болон шууд бусаар албадлага хэрэглэх, хянах, шийтгэх аргыг менежерийн бодлогод хэрэглэхийг зөвтгөнө. 2. Хүн эрх чөлөөтэй болсон нөхцөлд өөрөө өөрийгөө илэрхийлэх, бүтээлч үйл бүтээх гэ-сэн эрмэлзэлтэй бөгөөд түүнийгээ хэрэгжүүлж чадвал ур чадварын өндөр төвшинд хүрдэг.
3. Хүнийг байнга хянаж байх ёстой. Учир нь хүмүүс аливаа хариуцлагыг өөртөө хүлээхээс зайлсхийдэг. 3. Бие хүний хэрэгцээ шаардлага болон зо-рилго байгууллагынхтай зайлшгүй сөргөлдөх албагүй бөгөөд зохих нөхцөл бий болсон цагт хүн өөрөө өөрийнхөө өмнө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх замаар байгууллагын зорилтыг биелүүлэхэд хувь нэмэрээ оруулна.

 

Ардчилсан нийгэм төлөвших явцад:

  1. Хуульт ёс дээдлэх, хууль хүндэтгэх, ягштал биелүүлэх;
  2. Үндсэн хуулиар тунхагласан соёлын үнэт зүйлсдээ иргэн бүр хүндэтгэн тэмүүлэх, төрийн бодлого нь ард түмэндээ нээлттэй, ард түмнээсээ эхтэй, ил тодын зарчмаар, тухайлбал, чөлөөт хэвлэлээр, тайлангаар хянагдаж байх, төрийн захиргаа иргэддээ хүнд сурталгүй чанартай үйлчилдэг байх, нийтийн (төрийн) захиргааны үйл ажиллагааны тухай үнэнийг нуухгүй байх, мэдээллийн үл хязгаарлалттай байх;
  3. Эрх баригчдын хэрэгжүүлэх бодлогын зорилго хүндэтгэл хүлээхүйц байхаар тодорхойлогдсон байх, амласнаа ягштал биелүүлэх, тунхагласан бодлогоосоо нууцаар хазайж гуйвахыг үл тэвчих;
  1. Зорилгодоо хүрэхдээ ёс зүйн зарчмуудыг зөрчсөн арга хэрэгслээс татгалзах, олон түмэн тааламжгүй хүлээж авах мэдээллийг нуух гэж оролдохгүй байх зэрэг соёлын шинэ үнэт зүйлсийг өөртөө агуулдаг дээрх зарчмуудыг баримталсан удирдлагын шинэ ёс зүй төлөвшдөг байна.

Байгууллагын удирдлагын ажил үйл, бодлого хэрэгжүүлэх урлаг бол хүмүүсийн зан үйлдлийн ерөнхий хэв маягт нөлөөлдөг, үйл ажиллагааны үр дүнгийн чанар чансааг тодорхойлох хүчин зүйл болдог учраас орчин үеийн менежментийн онолд удирдлагын ёс зүйд улам их анхаарч байна. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээ бол байгууллагын ажилтан бүрийн хариуцлага болж хэрэгжих бөгөөд тэдний боловсролын чанарт онцгой анхаарах, энэ чиглэлд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх үйл явц эрчимжиж байгаа юм байна. Ингэвэл нийгмийн өмнө хүлээх хариуцлага буюу ирээдүйн хувийн эрх ашгийнхаа өмнө хүлээх үүргийн хэрэгжилтэнд ахиц гарна гэж үздэг бөгөөд энэ нь ч тодорхой хэмжээнд практикаар нотлогдож байгааг өндөр хөгжилтэй хэмээх улс орны иргэдийн чинээлэг аж байдал, улс орны эдийн засгийн хөгжлийн хурдац харуулж байгаа аж.

Менежментийн буюу удирдлагын ёс зүй нь зөвхөн байгууллагын дотоод асуудал биш бүх хүрээлэл, гадаад орчинтойгоо харилцах үйл ажиллагаанд нь ч бас хамааралтай. Үүнийг 4 дүгээр зурагт5 үзүүллээ. Ийм харилцан хамаарлын нөхцөлд нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага болон нийтийн захиргааны байгууллагад төдийгүй, ашгийн төлөө шууд ажилладаг бизнесийн байгууллагад ч ёс зүй, ёс суртахуун чухал гэсэн үг. Тэгэхлээр менежментийн ёс зүйг зөвхөн нэг байгууллага ганцаараа бүрдүүлдэггүй бөгөөд шинжлэх ухаанч ёс зүйн төлөвшилд нийгмийн бүтэц, хүрээллийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд оролцдог нарийн төвөгтэй үйл явц болох нь ойлгомжтой юм. Гэвч нэг байгууллагын нэг удирдагчийн ёс зүй байгууллага доторх бүхий л үйл ажиллагааны орчил, хүмүүс хоорондын харилцааны ёс зүйд маш чухал үүрэгтэйг “мартаж” хэрхэвч болохгүй. Мартаж болохгүй гэж уриалах нэг хэрэг, хэрэгжүүлэх өөр хэрэг гэдгийг ч бид ойлгоно. Гэхдээ л энэ нь ирээдүйн Та бидний хувийн эрх ашиг юм даа.

Нийгмийн (заримдаа сонирхлын бүлгүүдийн) хууль ёсны эрх ашгийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ил тусгах, хэрэгжүүлэх боломж олгож байгаа, хариуцлага тайлагнаж иргэддээ үйлчилж байгаа тийм төрийн захиргааны болон байгууллагын удирдлагын чухам энэ ил тодын хэлбэрийг ардчилсан нийгэм дэмждэг, чухам энэ нь ардчиллын нэгэн үнэт зүйл болон төлөвших учиртай юм байна.

Энэ үнэт зүйлийг хэрэгжүүлэх нэг арга бол сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүхий зөвлөх хороо, эсвэл зөвлөл байгуулж ажиллуулах явдал гэж үздэг8. Ийм байгууллагыг хуулийн шийдвэр гаргаад ч зохион байгуулж, хэрэгжүүлж болно, зарим тохиолдолд ердөө л байгууллагын удирдлага л шийддэг байна.

(Нийгмийн хариуцлага зураг)

Ингэхлээр удирдлагын ёс зүй бол үндсэндээ түүнээс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж шууд ойлгох ёстой. Энэ асуудлыг шийдэх арга нь хүн төрөлхтний хөгжлийн бүхий л түүхийн явцад маш боловсронгуй болж амьдрал, практикаар шийдэгдэж байгаа хэдий ч улс орон бүрт өөр өөр төвшинд хөгжиж байна. Ардчиллын нэг чухал үнэт зүйлс бол удирдлагын ёс зүйд шууд болон шууд бусаар хяналт тавих иргэний эрх юм.

Гэсэн ч энэ нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд амар хялбар асуудал биш, Орчин үед аль ч улс оронд хуулиар зохицуулах механизм бүрдүүлж байгаа ч ардчилсан нийгэмд ихэнхдээ эрүүл сэтгэлгээ, эрүүл ухаанд, өөрөөр хэлбэл, боловсролжсон зөнд найдвар тавьдаг, иргэдийн боловсролын төвшин, чанараас гол төлөв хамаарч байдаг байна.

Удирдлагын ёс зүйн асуудал хөндөхөд анхаарал татдаг нэг зүйл бол байгууллагын дотоод дүрэм, нийгмийн соёлын үнэт зүйлст суурилсан хувь хүний ёс зүй хоорондоо зөрчилдөх тохиолдол байдаг. Ардчилсан нийгмийн соёлын нэг чухал үнэт зүйл бол “Ёс зүйн хувьд зөв зүйтэй зорилгод хүрэхийн тулд ёс зүйн хувьд эргэлзээтэй арга хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн зарчим юм. Энэ нь нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс: “Хүмүүнлэг ёс”, “Шударга ёс”, “Тэгш эрх”, “Эв нэгдэл” гэх мэт үнэт зүйлсийн агуулгаас урган гарах зарчим юм. Тэгэхлээр удирдагч хүн ёс зүйн хувьд бие даасан байх явдал маш чухал гэдгийг ёс зүйн онолын олон судлаач эрдэмтэд тэмдэглэн хэлсэн байдаг. Байгууллагын ариун зорилгыг хэрэгжүүлэхийн тулд удирдагч хүн ёс зүйн бохир аргаас татгалзах хэрэгтэй, шаардлагатай бол албан тушаалаас огцрох зоригтой байх тухай яриа юм. Эдвард Весбанд, Томас Франк нар “Албан тушаалаасаа огцрох явдал эсэргүүцлийн хэлбэр мөн” номондоо: «Ёс зүйн хувьд бие даасан байна гэдэг бол байгууллагын дүрэм, горимыг зөрчиж байгаа нөхцөлд ч ёс зүйн үндсэн зарчмуудыг хамгаалахыг хэлнэ» гэжээ. Тэд цааш нь: «Өндөр албан тушаалын хүмүүс ийм зарчим баримталж чадсансан бол Америкийн түүхэнд Вьетнамын дайн, Уотергейтийн хэрэг зэрэг эмгэнэлт үйл явдлууд гарахгүй байсан билээ» гэж бичжээ. Энэ бол төрийн байгууллагууд албан ёсны бодлогод нийцэж буй үнэт зүйлсийг дэмждэг байх ёстой учраас хувь хүний, эсвэл удирдагч хүний ёс зүйн хувьд бие даасан байдал, байгууллагын ёс зүйг баримталж байгаа байр суурь хоёр хоорондоо зөрчилд орж болохын жишээ юм. Төрийн бодлого нь ёс зүйн ерөнхий зарчимд аль болох нийцэх ёстой, тэгэх тусмаа Үндсэн хуулиар тунхагласан нийгмийн соёлын үнэт зүйлсээр тодорхойлогдож байгаа ёс зүйн хариуцлагыг зөрчсөн байж болохгүй, эдгээр үнэт зүйлийн агуулгыг зөвхөн өөрсдийн итгэл үнэмшилдээ тохируулах үүднээс гуйвуулж болохгүй гэдэг бол бас ойлгомжтой.

Төрийн бодлого төгс төгөлдөр байна гэвэл бодит байдалд нийцэхгүй ч өндөр ёс зүй баримталсан бодлого зайлшгүй үр ашигтай бодлого болдог байна8. Тэгвэл удирдагчийн ёс зүй нь нийгэмших үйл явцад бүхэлдээ асар их нөлөөтэй, ёс зүйгээрээ тэрээр хүний эрхэм дээд чанар шингээсэн үлгэр дууриаллын загвар байх шаардлага байгаа нь дээр өгүүлснээс шууд ойлгомжтой байна. Эндээс сургуулийн удирдлагын ёс зүй, багшийн ёс зүй нийгэмд үе үеийн залгамж халаандаа дээд загвар болж байдаг, монголчуудын зан үйлд «Эрдмээ дээдэлж багшаа хүндэлдэг» ёсон өнө эртнээс улбаатай, одоо бүр ч өргөн утгаар ойлгон эрхэмлэдэг сайхан заншил болсон байгааг ухаарахад хялбар байна. Багш нь суралцагчдад мэдлэг, дадлага, хандлагын эерэг өөрчлөлт оруулах дэмжлэгийн эх сурвалжийнхаа хувьд түүний ёс зүй нь суралцагчдынхаа хандлагад (хүмүүжилд) хүний эрхэм чанарыг шингээж байдаг байх нь ээ. Үүнийг манай багш нар боловсролжсон зөнгөөрөө мэдэрч цаг ямагт үлгэр үзүүлж явдгийг бодохоор хүндэтгэх сэтгэл төрнө. «Сурсан болгон эрдэм» боловч «Шавийн эрдэм багшаас» байдгийг бид дандаа санаж, багштайгаа уулзах бүрдээ өөрийн эрхгүй тэргүүн мэхийн хүндэтгэдэг, сэтгэлийн ертөнцдөө багшаараа байнга бахархаж байдаг, бодож хайрлаж явдаг. Багш хүн нийгмийн ёс зүйн загвар учраас багшийн ёс зүй ийм байх ёстой гэж хэлэх бичихэд хэцүү. Гэвч орчин үед багш хүн сургалт, хичээлийн менежерийнхээ хувьд ёс зүйн шинэ үүрэг хариуцлага хүлээх болж байгаа юм.

Тэгвэл сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багш нарт, мөн удирдах зөвлөлийн гишүүдэд бол удирдагч хүний хувьд хэнд нь ч гэсэн ёс зүйн шаардлага, шалгуурыг нийгмийн зүгээс тавих хэрэгтэй болдог. Яагаад гэвэл олны дотроос тэднийг сонгох, шалгаруулах, томилох аргаар тодруулснаар тэд байгууллагын, сургалтын, мөн хичээлийн зорилго хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хамт олноо хөгжүүлэх, тэднийг манлайлах, хянах ерөнхий чиг үүргээрээ ёс зүйн давхар хариуцлага ирээдүйн өмнө хүлээнэ гэсэн үг.

Дээр өгүүлснээс үзэхэд удирдлагын хүмүүс ёс зүйн хувьд алдаа гаргах магадлал их байх тохиол нь шийдвэр томъёолох үе байдаг, өөрөөр хэлбэл, байгууллагын, ерөөс бүхий л үйл ажиллагааныхаа зорилго, зорилт тодорхойлох, тэгээд зорилго, зорилтоо биелүүлэхэд чиглэсэн стратегийн болон өдөр тутмын хэрэгжүүлэх арга, хэрэгсэл сонгох үйл явцдаа менежерийн ерөнхий аль ч чиг үүргийнхээ дагуу шийдвэр гаргах үйлдэл юм байна. Тэгэхлээр аль болох рациональ (оновчтой) шийдвэр сонгохын тулд олон талын мэдээлэлд дүн шинжилгээ хийж шийдвэрийн олон хувилбар гаргаад тэдгээрээс сонгох хэрэгтэй болдог. Энд удирдагчийн мэдлэг, туршлага, ёс зүйн шалгуур хэмжүүр илэрч гарна.

Шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлс8:

  • Гадны дарамт (сонгуулиар гарч ирсэн албан тушаалтан гадны дарамтыг үл тоох хандлагатай ч эрх баригч бүлэглэлээс дарамт үзүүлбэл бүх талаас нь бодож боловсруулсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрдэг);
  • Үргүй зардал (амьдрал, практик дээр өртөг их бол хүмүүс төлөвлөсөн зорилтоосоо татгалздаг. Гэтэл хүнд сурталд хэвшсэн байгууллага яг эсрэгээр нь ажилладаг байна);
  • Хувь хүний шинж чанар (ертөнцийг үзэх үзэл, олон жил ажилласан албан хаагчийн консерватив байр суурь гэх мэт);
  • Байгууллагын гаднах сонирхлын бүлгүүдийн нөлөөлөл;
  • Бусад хүчин зүйл (өмнө эзэмшсэн боловсрол, туршлага, хандлага гэх мэт).

Шийдвэр гаргахад тохиолддог нэлээд ерөнхий нийтлэг алдаа8:

  • Танин мэдэхүйн хувьд харалган байх (Ойрын хэрэгцээ, шаардлагыг урьдал болгож хэтийн, холын зорилгоос зайлсхийдэг; Шийдвэрийн алсын үр дагаврыг тооцдоггүй; Асуудлын зөвхөн ганц талыг хараад, бусдыг орхигдуулах явдал зэрэг танин мэдэхүйн харалган байдал);
  • Ирээдүй өнгөрснийг давтана гэж үзэх (Ирээдүйн нөхцөл байдлыг тооцдоггүй, түүхийн харьцангуй тогтвортой нөхцөлд аливаа үйлдэл болон үйл ажиллагаа өнгөрснийхтэй адил төсөөтэй байх хэдий ч нөхцөл байдлын өөрчлөлтийн үед, ялангуяа, хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалал, нийгмийн хуучин харилцаа ихээхэн хувьсах, өөрчлөгдөх магадлалтай орчин үед одоогийнх ирээдүйнхтэй харьцуулахад тийм төсөөтэй байх албагүй гэдгийг мэдэхгүй явдал гэх зэрэг);

Хэт хялбарчлах байдал (Асуудлын шалтгааныг авч үзэхээсээ илүү хэлбэр голлодог хандлагын улмаас хялбархнаар өнөөдөртөө болж байгаагаар шийдчих гэсэн арга барил, өөрөөр хэлбэл, олонхид тааламжтай, хүлээж авахад амар байлаа ч гэсэн төвөгтэй нөхцөл байдалд хялбар шийдэл тохирдоггуй);

  • Өөрийнхөө туршлагад хэт итгэх (Туршлагатай хүн тухайн асуудал дээрээ туршлагагүй хүнээс хавьгүй оновчтой шийдвэр гаргах магадлалтай хэдий ч түүний шийдвэр хамгийн зөв нь байх албагүй; Туршлага багатай ч гэсэн асуудал шийдвэрлэх тэс өөр арга зам тодорхойлж, тэр нь хамгийн шилдэг оносон байх явдал элбэг тохиолддог ажээ. Албан тушаалтан хамт ажиллагчидтайгаа зөвлөлдөж тэдний туршлагаас, мэдлэгээс суралцаж байж шийдвэр гаргах нь илүү сайн учраас орчин үед асуудал шинээр шийдвэрлэх, шинэ арга зам хайхдаа семинар, туршлага солилцох сургалтын хэлбэрийг их ашигладаг болж байна);
  • Урьдчилан бодсон баримтлалаасаа салж чадахгүй байх, хэвшмэл ойлголттой байх (Шинэ үйл явдал, шинэ баримт, шинэ зүйлийн тухай ярьж байгаа боловч шийдвэрт хэвшмэл хуучин үзэл ойлголтоо тусгах явдал элбэг ажээ. Шийдвэрийг ийм маягаар гаргах нь зүйд нийцэхгүй, тэгэх тусмаа албан тушаалтан өөрийн шийдвэрээ зөвтгөх зорилгоор шинэ баримт мэдээг гуйвуулж болохгүй, өөрийн шийдвэрээ зөвхөн зөвтгөх үүднээс баримт нотолгоо гаргах хэрэггүй. Тэд зөвхөн тийм баримт хайх, олж харах дуртай байдаг. Бас олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг ашиглан шийдвэрээ зөвтгөх дуртай. Мөн логик бүтэцтэй дүгнэлтүүдийг шохоорхож өөрсдийн байр сууриа зөвтгөхөд бас ашигладаг);
  • Туршилт хийхэд бэлэн биш байх (Шинэ санал, арга хэмжээ зөв эсэхийн шалгуур бол хязгаарлагдмал хэмжээнд туршиж үзэх явдал юм. Ихэнхдээ, онолын зүйлийг бага багаар турших арга хандлагаа мэддэггүй. Иймээс шинэ зүйлийг сайтар бодож боловсруулаагүй гэж хардаж эсэргүүцэн буцаадаг. Нөгөөтэйгүүр, захиргааны ажилтан хүнд бол ерөнхийдөө шинэчлэл хийх сэтгэлгээ, зориг их дутмаг байдаг, туршилт бол мөрийтэй тоглоомтэй ижил гэж үзэх явдал элбэг тааралддаг. Г этэл онгоц, пуужин туршихыг хүлээн зөвшөөрөөд хөрөнгө баталдаг жишээтэй. Харин нийгмийн хөтөлбөр турших нь ихээхэн ирээдүйн ач холбогдолтой боловч тийм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс ихэнхдээ болгоомжилдог тал бий);

Шийдвэр гаргах дургүй байх (Олон нийтийн шүүмжлэлээс, бас хариуцлагаас айгаад захиргааны удирдлага шинэ үзэл санаатай шийдвэр гаргахаас зайлсхийдэг. Тийм газарт олон жил ажилласан албан хаагчид хариуцлагаас айж, хөшүүн хойрог байдлаараа хүнд сурталд идэгдэж, хээл хахууль цэцэглэх хөрс бүрдүүлэх нь олонтаа. Тэд хариуцлагаас мултрах талаар мэргэшиж байгууллагын элдэв албан тушаалтнаас зөвшөөрөл авах, дээрээс шийд харах, бусад руу түлхэх, хуулийн “цоорхой хайх” зэрэг арга барилаар цаг өнгөрөөж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад хүрдэг. Хариуцлагаас мултрах уур амьсгал давамгайлсан нөхцөлд албан хаагчид дээрээс шийдвэр гаргах ёстой гэж үзээд юу ч хийхгүй суух нь амар байдаг. Тэр ч байтугай өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд ч гэсэн шийдвэр гаргахаас зайлсхийх жишээтэй.)

  • гэх мэт

Удирдлагын, менежерийн хариуцлагыг хөсөрдүүлэх явдал доорх нийтлэг хэлбэрээр илэрдэг жишээ татъя. Үүнд8:

  1. Асуудалд шударга биш байр сууринаас хандах, хөрөнгө мөнгө идэж ашиглах, санхүүгийн баримт засварлах, сангийн хөрөнгөөс үрэн таран хийх, гэрээ байгуулагч, харилцагч нараас хууль бусаар мөнгө шаардах, шан харамж харах, зардлын тооцоо засах гэх мэт олон хэлбэр;
  2. Асуудал шийдэх, шийдвэрлүүлэх үедээ хээл хахууль авахгүй боловч танил тал, найз нөхдийнхөө, намынхаа, эсвэл хувийн эрх ашгийн үүднээс хандах;
  3. Дотоод мэдээллийг, эсвэл хуулийн зохицуулалтгүй хэсгийг шударга бусаар ашиглах;
  1. Хууль үл тоомсорлох хандлага гаргах, хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж хуурамч шалтаг тоочих, эсвэл биелүүлнэ гэж амлаад хэрэг дээрээ юу ч хийхгүй байх, мөн буруу үйлдлээ зөвтгөхийг хичээх;
  1. Шийдвэр гаргах, эсвэл гаргуулахдаа нийтийн эрх ашгийг хувийнхаас, эсвэл сонирхлын бүлгийнхээс доогуур тавих;
  2. Санал бодлоо шударга, ил, зоригтой гаргасан хүмүүстэй шударга бус харилцах, тэднийг ил далд үйлдлээр хавчих, ажлаас халах;
  3. Ажилтан албан хаагчид, багш ажилчдынхаа эрх ашгийг хохироосон шйидвэр гаргах, гаргахад оролцох, гаргуулах;
  4. Үр ашиггүй байдалтай эвлэрэнгүй байх, ур чадвар багатай хүмүүс хаана ч тохиолдох боловч тэд шударга байлаа ч гэсэн тэдэнд ажлын шаардлага тавихгүй хавтгайрах, мэдээгүй дүр үзүүлэн хамт ажиллах;
  5. Алдаагаа нуун дарагдуулахыг хичээх, худлаа хэлэх, хамт олноосоо уучлал гуйж алдаагаа засахыг оролдохгүй байх;
  6. Хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд санаачилга гаргахгүй, шүүмжлэлээс айгаад бүтээлч биш ажиллах;
  7. Бусад орлогоо нууж татвараас зайлсхийх;
  1. Иргэний нийгэмд ардчилсан төр иргэдцээ үйлчлэх утга учиртайг үл ойшоож, дээд удирдлагын хүмүүс, албан тушаалтанд тал засан харьцах, доор албан үүрэгтэн, ажилчдаа, мөн үйлчлүүлэгч иргэддээ шударга бус дээрэлхүү хандах, тэгш ёсоо умартах гэх зэрэг хэлбэр, тохиолдлоор илэрдэг ажээ.

Эцэст тэмдэглэхэд, удирдлагын хүмүүсийг шилж сонгох шалгуурт:

  1. Шинэ мэдлэг байнга эзэмших арга ухаан;
  2. Түргэн хувьсамтгай нөхцөлд хурдан дадлагаших арга барил, түүнийгээ тасралтгүй хөгжүүлэх арга зүй;
  3. Ёс зүй (шинжлэх ухаанч бол бүр сайн) зэрэг чиглэлийн үзүүлэлтийг харгалзах нь чухал юм.

Харин хэмжихэд хамгийн хэцүү бөгөөд хэрэглэх зайлшгүй шалгуур үзүүлэлт гэвэл ёс зүй болох нь мэдээж байна.

(Endnotes)

  1. Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966, 912 х.
  2. Beginning Dictionary Scribner, William D. Hasley, Editorial Director, Scribner Educational Publishers, New York, 1986.756p.
  3. Webster’s Encyclopedic Unabridged Dictionary of the English Language, Gramercy Books, New York /Avenel, New Jersey, 1989, 1854p.
  4. Энциклопедический социологический словарь, ИСПИ РАН, Москва, 1995, с.343.
  5. Н.Цүлтэм, Монгол зураг, Улаанбаатар,1986, 19 дүгээр зураг.
  6. //Buddha
  7. Я.Шуурав, Менежмент, ТЗУХИ, Улаанбаатар, 1997, х.185.
  8. И.Л.Зеленкова, Е.В.Беляева, Этика, Минск, ТетраСистемс, 2000, стр.14.
  9. R.Popper, The Poverty of Historicism, London, 1957 (Карл Поппер, Түүхчлэх үзлийн гуйланчлал, Улаанбаатар, 1996).
  10. Орчин үеийн төрийн удирдлага, Монгол менежмент төв, Улаанбаатар, 1998, х.45.

Ч.Лхагважав /Улс төрийн Боловсролын Академийн зөвлөлийн гишүүн/

Хянасан: Б. АРИУНБАЯР

Шинэ мэдээ
Архив