“ТӨР БОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА” ХЭМЭЭХ ДОМГИЙН ТУХАЙ !!!

Б. БАТЧУЛУУН
/Философийн ухааны доктор/

Шинэ толь №78, 2015

“ТӨР БОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА” ХЭМЭЭХ ДОМГИЙН ТУХАЙ

Түлхүүр үг: 

Мөрри Ротбардын (1926-1995 он. АНУ-ын таван том либертари сэтгэгчийн нэг) Төрийн анатоми хэмээх бэсрэг бүтээл удахгүй монгол хэл дээр хэвлэгдэн гарах нь ээ. Ингээд, XX зуун дахь либертари үзлийн томоохон төлөөлөгчдийн бүтээл ямар нэг хэмжээгээр бүгд орчуулагдлаа. Ротбардынх үлдчихээд байсан юм. Энэ ажил либертари үзэл санааг Монголд дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж явдаг хүн болох Д.Амартүвшингийн ачаар гүйцэлдлээ, залуу анддаа баярлалаа. Дашрамд хэлэхэд, Амартүвшин маань өмнө нь Мөрри Ротбардын Чөлөөт зах зээл хэмээх жижиг өгүүллийг тун дажгүй монгол орчуулгатайгаар өөрийн блог дээр тавьсан нь одоо нэгэнт нийтийн хүртээл болжээ.

Төрийн анатоми эссэнд ордны сэхээтнүүдийн тухай, төр өөрийн байх ёстой хэмжээ хязгаарыг хэрхэн давдаг, Үндсэн хууль төр хоёрын харьцаа, төр юунаас айдаг болох тухай гээд олон асуудлыг хөндсөн байдгаас энэ удаад Монголд хамгийн их тархсан “төр бол үйлчилгээний байгууллага” гэсэн домгийг илчилсэн хэсгээс өгүүлье.

“Төр бол үйлчилгээний байгууллага” гэсэн ойлголт АНУ-д 1950-иад оноос их газар авчээ. Гэтэл, үнэндээ төр тийм байя гэсэн ч чаддаггүй аж. Энэ бол стэйтистүүдээс (төрийг дээдлэгчдээс) олон түмнийг хуурч, өөрсдийгөө сайн сайхан харагдуулахын тулд зохиосон үг. Хатуу стэйтистүүдээс ялгаатай хүмүүс болохын тулд гаргасан аядуу стэйтистүүдийн хэллэг. Хамгийн ардчилсан бус улсууд өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэх дуртай байдаг шиг “нийгэмд огт үйлчилдэггүй байгууллага, нөхдүүд өөрсдийгөө нийгэмд үйлчилдэг” хэмээн ойлгуулах гэж буй хэрэг. Хойд Солонгосын коммунист удирдагчид өөрсдийгөө БНАСАУ (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), 1990 оноос өмнө коммунист орон байсан Зүүн Германыхан БНАГУ (Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс) гэж нэрлэж байсантай адил. Гэтэл жинхэнэ ардчилсан улс болох Өмнөд Солонгосынхон болон Баруун Германыхан өөрийнхөө улсыг зүгээр л БНСУ, ХБНГУ хэмээн нэрлэж байв. Манай Монгол улс ч гэсэн хамгийн ардчилсан бус шинжтэй байсан 1921-40 онд “хувьсгалын ардчилсан” шатыг туулаад өнгөрчихсөн гэж туудаг байлаа. Тэгэхээр хамгийн харгис, тоталитари дэглэмүүд өөрсдийн нүүр царайг нуухын тулд өөрсдөдөө байхгүй нэр томьёоны доор нуугдах гэж оролддог шиг олон түмэнд огт үйлчилдэггүй байгууллага болох төрийн түшмэд төрийг олон түмэнд үйлчилдэг байгууллага хэмээн нэрлэх дуртай байдаг аж.

Мөрри Ротбард “Төр нь юу биш вэ гэвэл үйлчилгээний байгууллага биш’’ хэмээн бүтээлээ эхэлсэн байдаг. Ардчилал хөгжих хэрээр төрийг нийгэмтэй адилтгах явдал улам эрчимжиж, эрүүл саруул оюун ухааны бүх урсгалд харшилсан “бид бол төр” гэсэн ойлголт давамгайлах болов.

Коллективизмд ашигтай “бид” хэмээх нэр томьёо, улс төрийн бодит байдлыг халхавчилсан үзэл суртлын зэвсэг болж хувирлаа. Хэрэв “бид төр” юм бол төрийн хийж буй аливаа үйлдэл дарангуйлсан шинжгүй, харин ч хүмүүсийн хүсэл эрмэлзлийг харгалзсан байж таарна. Төр-засаг нийгмийн нэг хэсгийн төлөө нөгөө хэсгээс татварлахдаа “бид үүнийг өөрсдийнх нь төлөө хийсэн юм” гэсэн үгээр хаацайлах нь л дээ. Тэгээд ч, энд төр нэг хэсгээс авч, нөгөөд өгнө гэсэн нэрийн доор асар их [бүр асар их шүү] зүйлийг өөртөө авч үлддэг. Үүнийг нь хэлж, илчилсэн хүнд маш их дургүйцнэ. Албадлагаар цэргийн алба хаалгах, өөр үзэл бодолтойгийнх нь төлөө шоронд хийх явдал бас л өөрсдийнх нь төлөө хийсэн болно. Ер нь, төрийн хийсэн бүхэн бидний төлөө болж таардаг.

Жирийн иргэдийн ихэнхийн толгойд ийм санааг шүүмжлэх бодол орж ирдэггүй бөгөөд энэ хуурмаглалд их, бага хэмжээгээр автана. Тэгэхээр “бид” бол төр биш, төр бол “бид” биш гэсэн санааг онцолж, энэ гарцаагүй баримтыг “бид бүгд хоорондоо холбоотой” гэсэн сайхан үгээр халхавчлах гэсэн оролдлого бүрийг илчлэх ёстой.

Төр нь “бид” биш, бүх асуудлаа сайн дурын харилцан зөвшилцөл дээр тулгуурлан шийдвэрлэж байдаг “хүмүүний гэр бүл, клуб, уулзалт-цуглаан” биш юм бол юу болж таарах вэ? Товчхондоо, төр гэдэг бол тодорхой газар нутгийн хүрээн дотор албадлага-хүчирхийллийг дангаар ашиглахыг оролдож байдаг байгууллага; тэр тусмаа сайн дурын хандив дээр тогтдоггүй, ямар нэг үйл ажиллагаа явуулсныхаа төлөө татвар авдаг, албадлага дээр тулгуурласан байгууллага болно.

Хувь хүн болон бизнэсийн байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн болон үзүүлсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлөө албадлагын бус, сайн дурын үндсэн дээр харилцан солилцох замаар орлоготой болдог бол төр нь албадлага дээр тулгуурлан орлоготой болдог. Өөрөөр хэлбэл, шорон, цагдаа, зэвсгийн хүчээр айлгаж байж орлоготой болдог. Иймээс шорон, цагдаа зайлшгүй, түүнийг санхүүжүүлэх нь чухал болох тухай үндэслэлээ юуны түрүүнд улиглана. Тэд ямагт харагдаж буй зүйлийн хүрээнд сэтгэж, тайлбар хийх бөгөөд эс харагдах зүйлийг санаатай, санамсаргүй ямар нэг байдлаар орхигдуулдаг.

Германы аугаа социологич Франц Оппэнхэймэр (1864-1943 он. Герман- жүүд социологич, эдийн засагч. Энэ хүний Төр хэмээх зохиол англи хэл дээр 1914, 1942, 1975 онд бүгд Нью-Иоркийн “Фри Лайф Эдишн” хэвлэлийн газарт хэвлэгдсэн) баялагтай болох хоорондоо зөрчилтэй хоёр арга зам байдаг тухай өгүүлж байв: нэг нь, дээр дурдсан үйлдвэрлэх, харилцан солилцох буюу “эдийн засгийн арга хэрэгсэл” хэмээн өөрийнх нь нэрлэсэн арга зам; нөгөө нь, үйлдвэрлэн бүтээдэггүй, бусдын бүтээсэн бараа-таваар, үйлчилгээг шууд хүчирхийлэл, албадлагын замаар булаан авах явдал. Дээрэм гэсэн үг л дээ. Ф.Оппэнхэймэр үүнийг баялагт цуглуулах “улс төрийн арга хэрэгсэл” хэмээв. Үйлдвэрлэн бүтээх явцдаа хүн өөрийн оюун ухаан, хүч чадлаа албадлагагүй ашиглах нь “жам ёсны” үзэгдэл болох нь илэрхий. Энэ бол энэ дэлхий дээр амгалан тайван амьдарч, хөгжин цэцэглэх зүй тогтол мөн. Харин албадлага, хүчирхийлэл дээр тулгуурласан мөлжлөгийн арга зам нь “жам ёсны” хуульд харш гэдэг нь тодорхой. Баялаг цуглуулах улс төрийн хэрэгсэл нь үйлдвэрлэлээс хумслан хулгайлж, сорон мөлжинө. Улс төрийн арга хэрэгсэл нь баялгийг бүтээгч, үйлдвэрлэгчдээс сорон мөлжигч, сүйтгэгч субъектүүд рүү гулгуулж байдгаараа нийгмийн баялгийн хэмжээг багасгахаар үл барам, бүтээгч хүний урам зоригийг хугалж, сэдлийг бууруулдаг.

Либертари үзэлтнүүд төр болон татвар хэрхэн үүссэн сэдвийг хөндөх бүрдээ энэ сэтгэгчээс эшилдэг бөгөөд үүнийг нь Ротбардын энэхүү эссэ болон Дэвид Бэргландын Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл номоос ч харж болно. Энд, мөн төр нь хэзээ ч нийгмийн гэрээгээр бий болдоггүй, нийгмийн бүх гишүүд нийгмийн гэрээнд орох ч бололцоо байдаггүйг үзүүлжээ. Төр нь байлдан дагуулал эсвэл мөлжлөгийн үр дүнд гарч ирдэг байна. Ротбард арай өөр газар, төрийг тодорхойлохдоо “улс төрийн арга хэрэгсэл дээр тулгуурласан байгууллага”, тодорхой хил хязгаарын доторх мөлжлөгийн систем гэсэн.

Ингээд, та бүхнийг Төрийн анатоми хэмээх бүтээлтэй эхээр нь танилцвал илүү ойлголттой болох биз ээ.

“Мөнгөө алдсаны баяр” (Татварын тухай танилтайгаа хөөрөлдсөн нь)

Манай улсад 5-р сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн 7 хоног” гэж үздэг аж. Тэгэхээр иргэд бид чинь “татвар төлөгчдийн 7 хоног” гэгчийг тэмдэглэж байгаа юм байна. Үүнээс үүдэн, нэг танилтайгаа татварын тухай яриа өрнүүлснээ сонордуулъя. Танилыг маань Х.Х гэдэг гээд бодчихоорой.

Х.Х: Татвар гэж ер нь юу юм бэ?

Б.Б: Либертари үзлийн үүднээс янз бүрээр тодорхойлсон байдаг юм. Германы социологич Франц Оппенхэймэр Төр хэмээх зохиолдоо “Хүчирхийлэгч нь хэсэг хүнийг эрхшээлдээ оруулж, улмаар тэднийг байгаа зүйлээрээ өргөл барихыг шаарддаг, түүнийг нь ТАТВАР гэх бөгөөд тэр татвараас төр үүсдэг” гэжээ. Либертари үзэлтнүүд Оппенхэймэрийн энэ үгийг татвар болоод төрийн үүслийн талаарх хамгийн оновчтой тодорхойлолт гэж үздэг.

Х.Х: Яг л, солонгос кинон дээр гардаг гангстерүүд (дээрэмчид) шиг болох нь ээ. Тэр дээрэмчид зах дээр очоод, жижиг наймаачдыг эрхшээлдээ оруулан, тэднээс мөнгө авдаг. Үүнийхээ хариуд бусдын халдлагаас тэднийг хамгаална.

Б.Б: Наадах чинь маш тохирсон аналогичлол байна. Төр ч гэсэн авсан татварынхаа хариуд биднийг хамгаална гэдэг юм. Гэхдээ энэ амлалтаа биелүүлж чаддаггүйгээр үл барам өөрөө эргээд биднийгээ дарамталдаг.

Бас нэг тодорхойлолт хэлэхэд ‘‘Татвар гэдэг бол зөв зүйл хийсний төлөөх торгууль, торгууль гэдэг бол буруу зүйл хийсний төлөөх татвар” гэсэн үг ч байдаг. Татвар гэдэг бол торгуультай адил мөнгөн шийтгэл юм даа.

Х.Х: Гэхдээ “Хүн төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэдэг шүү дээ. Нийгэмд амьдарч байгаагийн хувьд төрд хэдэн төгрөг тушаах нь зүйн хэрэг биз дээ?

Б.Б: Бид ер нь “миний хөлс хүч, цаг нар, авьяас чадвараа заран байж хийсэн зүйлийг хэн нэгэн зүгээр л авчхаж болох уу” гэсэн энгийнээс энгийн асуултыг өөртөө тавьж чадахаа больчихсон байна шүү дээ.

Х.Х: Тэгэхээр, төрийг бараг дээрэм хийчихлээ гэх гээд байна уу?

Б.Б: Том биетэй, хутга барьсан хэн нэгэн тан дээр ирээд, хөдөлмөрлөж олсон мөнгөний тань 1/10-ийг авчихлаа гэж бодъё. Тэр хүн биеэр том, түүнээс гадна зэвсэгтэй учраас та хүчин мөхөсдөхийн эрхэнд хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө өгч таарна. Энэ бол дээрэм. Тэгвэл тэр хүний оронд цаас барьсан, цагаан цамц, зангиатай хүн хүрч ирээд, дээрхтэй адил шаардлага тавибал та бас л мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Учир нь тэр цаасан дээр мөнгөө өгөхгүй бол “тэгж шийтгэнэ, ингэж торгоно” гэсэн үг бичээстэй байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд ёс суртахууны ялгаа байна гэж үү! Аль, алин нь хүний төрөлх эрхэд халдаад байгаа биз дээ.

Х.Х: Төр татвараар дамжуулан, хувь хүний өмчлөх эрхэд халдаж байгааг хэлж байна уу?

Б.Б: Тийм, Локк өмчлөх эрхийг амьд явах, эрх чөлөөтэй байх эрхүүдтэй эн тэнцүү төрөлх эрх гэж үзсэн. Хувь хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авьяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Татвар бол үүнд халдаж буй хэрэг. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын аль нь ч адилхан, хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөө алдаж байгаа хэрэг. Цагаан цамц, зангиатай хүн цагдаа дагуулж ирээд, авч байна уу, эсвэл түүнээс арай муухан хувцастай нэгэн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль ч тохиолдолд мөнгөөрөө хохирч байна. Гэтэл бид хутга барьсан хүнд мөнгөө алдахдаа дээрэмдүүлчихлээ гэдэг атлаа цаас барьсан хүнд нь алдахыгаа тэгэх ёстой мэт бодоод заншчихаж.

Х.Х: Дээрэм, татвар хоёр тэгээд, адил юм уу?

Б.Б: Нэг нь хуулийн нэрний доор хийгддэг, нөгөө нь, хуулиас гадуур хийгддэгээрээ ялгаатай. Уг нь бусдын юмыг авахын тулд ямар ч сайхан хууль гаргасан тэр нь зөв байж эс чадна. “Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй’’ гэж Р.У.Грант Талхны гайхамшигт машин номдоо бичсэн нь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Улмаар дээрэмчин, татварлагч хоёрын хооронд өөр ч ялгаа бий.

Х.Х: Ямар ялгаа?

Б.Б: Хулгайч, луйварчин, дээрэмчдэд ичих сэтгэл байдаг. Тэд мөнгийг минь авчхаад, хурдхан шиг зугтаж, нуугдахаа боддог. Гэтэл төрийнхөн ичихгүйгээр үл барам биднийг баяр баясгалантай байхыг шаарддаг.

Х.Х: Баяр баясгалантай байхыг яаж шаарддаг гэж?

Б.Б: “Татвар төлөгчдийн 7 хоног” гэдэг нь нэгэн төрлийн баяр, өдөрлөг юм шүү дээ. Мөнгийг маань авчхаад “баярла, инээ” гээд байдагт стэйтистүүдийн увайгүй шинж оршдог.

Х.Х: Тэгж ярихдаа хүрэх юм бол бидний өмчлөх эрхэд төрийнхнөөс гадна худалдаа хийж буй зальтай худалдагч, автомашиныг маань засаж буй хулхи засварчин гээд олон хүн халддаг биз дээ?

Б.Б: Ер нь хүний өмчлөх эрхэд хулгайч, луйварчид (залилан хийгчид), дээрэмчид, төрийнхөн хамгийн их халддаг. Эдгээрээс хулгайч, луйварч, дээрэмчидтэй хийх тэмцэл арай хялбар, үр дүнгээ өгнө. Харин төрийнхөн бусдын хүч хөдөлмөрийг завшиж буй энэ үйлдлээ хуулиар хамгаалсан байдаг учраас тэдэнтэй хийх тэмцэл их хүнд.

Х.Х: Бүх хүн л татвар төлдгөөс хойш өгөхөөс өөр яах вэ дээ! Татварт очсон мөнгө эргээд нийгэмд зориулагддаг биз дээ?

Б.Б: Уг нь төрийнхөн биднээс мөнгө авахдаа амладаг зүйлээ биелүүлдэг бол болж л байна. Гэтэл биднээс авсан мөнгөнөөс тансаг хэрэгцээндээ зориулж, маш ихийг авч үлддэг. Иймээс татвар авахын тулд ажиллуулж байгаа утгаар нь биднийг боолчилж байна гэж үзэж болно.

Х.Х: Тансаг хэрэглээндээ зориулдаг талаар ганц хоёр жишээ хэлж болох уу?

Б.Б: Ганц хоёр байтугай болно. Барагдахгүй их юм болно. Юу ч хийдэггүй атлаа асар өндөр цалин, утас унааны мөнгө, маш үнэтэй үйлчилгээнүүд, хэрэглэж буй бүх зүйл нь асар өндөр үнэтэй, бүгдийг бидний татвард өгсөн мөнгөөр төлүүлнэ. 10-аад Яамтай болоод л байсан, одоо хэд ч болчихов. УИХ- ын гишүүний туслах гээд нэг хүн байдаг байсан одоо 4-5 гэж дуулдана лээ. Хамгийн балиар нь хууль санаачилж батлуулбал 10-20 саяыг авдаг гэж байгаа. Ажлаа хийлээ тэр шүү дээ. Ийм логикоор багш хичээл орвол цалингаасаа гадна баахан мөнгө авч, эмч хүн үзвэл мөн л цалингаасаа гадна мөнгө авахад болох нь байна шүүдээ.

Ер нь УИХ-ын гишүүн, жирийн нэг иргэн хоёр татварт өгсөн мөнгөнөөсөө эргүүлэн хэрэглэж буй хэмжээг харьцуулбал 100:1 болов уу. УИХ төсөв батлах бүрдээ өөрийнхөө (төрийнхөө гэсэн үг) зардлыг томсгодог. Одоо лав 5-6 триллион төгрөг болсон догоо. Гэтэл нэг триллион төгрөг гэдэг чинь 1 000 000 000 000 төгрөг шүү дээ.

Х.Х: Татвар төлснөөр нийгэм дэх бүх хүн хождог гэж төрийнхөн хэлдэг шүү дээ.

Б.Б: Худлаа. Бүх хүн биш, тэд өөрсдөө л их хождог. Жирийн иргэд бид татварт төлсөн мөнгөнөөсөө юу ч авч чаддаггүй шахуу. Харин төр таны өгсөн татварын мөнгөөр л амь зуудаг болохоор “Татвар оршихуй доор төр оршино” гэх нь үнэнд хамгийн ойр тусна даа.

Тэгвэл төр гэдэг чинь юу билээ гэж бодоод үз. Энэ бол хоосон хийсвэр зүйл биш, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн, нүдний шилтэй, тарган цатгалан хүн. Тэгэхээр та дээрх үгийг “татвар оршихуй доор цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн тарган хүн тансаглана” хэмээн уншиж болох нь байна. Бид тэр тарган нөхөрт мөнгөө алдсанаа баяр гэж үзэн, тэмдэглэх ёстой юм л болоод байна!

Х.Х: Цаадуул чинь бас “татвар бол нийгэм оршихуйн үндэс” гэдэг юм билээ?

Б.Б: Бас л худлаа хэлж байгаа юм. Гоё, сүржин үгээр чамайг хуурч, бас сүрдүүлж байна. Нийгэм, тэртэй тэргүй өөрийгөө аваад явчихдаг хувь хүмүүсээс бүрддэг. “Татвар бол төр оршихуйн үндэс”.

Х.Х: Үнэндээ, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн тэр нөхрийн тансаг амьдралын төлөө хөдөлмөрлөж байгаа юм бол бид чинь “боол” мөн. Өөрийнхөө төлөө биш, тэр цагаан цамцтаны төлөө албадлагын хөдөлмөр эрхэлж байгаа юм байна: 7 хоногт 40 цаг хөдөлмөрлөөд, авсан мөнгөнийхөө 10%-ийг татварт (тэр тарган эрд) өгдөг бол 40 цагийнхаа 1/10-д албадлагын хөдөлмөр эрхэлж байгаа нь үнэн болж таарах нь!

Б.Б: Либертари үзэл яг үүнийг чинь л хэлээд байдаг юм шүү дээ, тиймээс ч төрийнхөн энэ үзлийг их ад үздэг.

Х.Х: Нээрэн, төрийнхнийг тансаглуулахын тулд мөнгө төлдөг гэж бодохоор үнэхээр зэвүү хүрч байна шүү?

Б.Б: Татвар яагаад их байдгийг мэдэх үү? Х.Х: Мэдэхгүй.

Т.Т: Төр том учраас татвар их байдаг юм. “Төр бага бол зардал бага, зардал бага бол татвар бага, татвар бага бол бидний орлого их, орлого ихэсвэл, амьдрал маань сайжирна”. Тэгэхээр татварыг бууруулах ганц арга зам бол төрийн эрх мэдэл, тансаглалыг багасгах явдал юм.

Х.Х: Төр биднээс нэлээд хэдэн төрлийн татвар авчихдаг байх шүү?

Б.Б: Тийм шүү, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж байгаад, авах мөнгөө нэмээд л байдаг юм. Хүмүүст санаа өгөх үүднээс мэдэж байгаагаа тоочъё. Орлогын татвар, худалдааны татвар, нэмүү өртгийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, тээврийн хэрэгслийн татвар, замын татвар, агаарын бохирдлын татвар, онцгой татвар, тансаг хэрэглээний татвар гээд мөн ч олон татвар бий. Эдгээрээс гадна “чимээгүй татвар” буюу “нуугдмал татварын” талаар хүмүүс бага мэдлэгтэй байдаг. Энэ бол үйлдвэрээс гарч буй талхны материалын (гурил, тос, давс, гурил исгэгч гэх мэт) үнэ, ажилчны цалин хөлс, цахилгаан, дулааны өртөг, машин техникийн элэгдэл хорогдлын зардал, энэ бүхэн дээр ашгаа нэмээд, нэг ширхэг талхыг 900 төгрөгөөр худалдахаар тооцоолчхоод байтал нь татвар оноосноос болж, үйлдвэрлэгч маань татварт алдсан мөнгөө нөхөхийн тулд нөгөө талхаа 1000 төгрөгөөр зарна. Нэмэгдсэн 100 төгрөг үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрын хэнд ч ашиггүй, харин төрд л ашигтай. Ингээд жирийн иргэдийн хоол унд, хувцас, тээврийн хөлс, байр сууцанд очих ёстой байсан мөнгө төрд очдог. Энд үйлдвэрлэгч, худалдагч, хэрэглэгч гээд бүгд хохирч байхад, ганцхан төр л хождог. Тэгэхээр татвар бол бизнест халтай, зүгээр сууж байгаад ихээхэн мөнгө авдаг төрийнхөнд ашигтай зүйл.

Х.Х: Төр татвар цуглуулахаас өөр юу хийдэг юм бэ дээ? Энэ л тэдний хийдэг гол ажил нь уу?

Б.Б: Төрийн үндсэн бизнес бол “асар олон хүнээс (ард түмнээс ) бага, багаар цуглуулаад, маш цөөн хүнд (төрийнхөнд) асар ихээр тарааж өгөх явдал” гэж хэлж болно.

Х.Х: Татварын хор хөнөөлийг товч бөгөөд тодорхой хэлээдэхээч?

Б.Б: Нэгд, Илт харагддаг нэг зүйл бол татвар нь хүний орлогыг багасгадаг.

Хоёрт, Олсон мөнгөө бусдад алдаад байгаа хүний ажиллах идэвх, санаачилга суларна. Гуравт, Татварт дарамтлагдсан жижиг, дунд бизнесийнхэн зах зээлээс шахагддаг. Эсвэл “болох-болохгүй” зүйл хийж эхэлдэг. Буруу зүйл хийдэггүй юм гэхэд борлуулах гэж байгаа бараан дээрээ татварын мөнгийг нэмнэ, тэгснээр худалдан авагчид л хохирно (Худалдан авагч хохирч байгаа юм бол дэлгүүрийн эзэн ч цаагуураа мөн л хохирч таарна). Дөрөвт, Татвар нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө эрэлт ихтэй, ашигтай салбар руу биш, татвар багатай, нийгэмд ашиггүй салбар руу оруулахад хүргэдэг. Эрэлтгүй салбарт хөрөнгө оруулсан бизнес шатна. Тавд, Татвар нь хүний цагийг үнэхээр “алдаг”. Та урьд өмнө өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн эд хөрөнгө, одоогийн хөдөлмөрөөс татварлуулснаар өнгөрсөн хийгээд одоогоо алдаж буй хэрэг.

Х.Х: Чи тэгэхээр одоо явагдаж буй “Татвар төлөгчдийн долоо хоногоор” баярлах нь бүү хэл, энэ арга хэмжээг үзэн ядаж байгаа хүн юмаа даа?

Б.Б: Ийм арга хэмжээний цаад утга учрыг би л лав олж харж байна. Тэгээд ч мөнгөө алдсаны баяр хийж байдаг хүн нь би биш гэж байгаа юм. Төрийнхөн л шүүх, цагдаатайгаа нийлж байгаад, надаас хэдэн төгрөг салгаж чадсандаа баяртай байдаг юм байгаа биз!

Х.Х: Манайд чинь Татварын алба гээд нэг мундаг том алба байдаг байх аа? Б.Б: Тийм ээ, “чиний хийж бүтээсэн баялгийн 10% нь минийх” хэмээн шулуухан хэлж чаддаг ганц байгууллага.

Х.Х: Төр энэ албанд их ач холбогдол өгч, харж үздэг юм шиг байдаг?

Б.Б: Олон түмнээс улам сайн татварлаарай, тэгвэл та нарыг бүр том сайхан байшинд суулган, цалинг чинь нэмж, сайхан машин унуулаад, эрх ямбыг чинь дээшлүүлнэ шүү гэж тэгж байгаа юм. Төр ингэж л өөрийгөө томруулдаг байхгүй юү!

Х.Х: Ер нь бидний татварт өгсөн мөнгө хааччихдаг юм бэ? Төрийн түшээ гэх нэг нөхөр эмнэлэг, боловсрол, батлан хамгаалах, цагдаагийн хөлсөнд явдаг гэсэн ухааны юм яриад байна лээ.

Б.Б: Цаадуулын чинь яриад буй зүйлс бол харагдаж байгаа нь! Харагдахгүй байгаа зүйл нь татвар төлөгч хүмүүсийн амсаж буй хохирол. Тийм ээ, улсын төсвийг бидний татвар бүрдүүлдэг, тэр мөнгө үр хүүхдийг маань сургах, эмчлэх, биднийг хамгаалах цагдаа-хуулийнханд зарцуулагддаг, гэтэл авсан юмаа эргүүлж өгөөд байхад бидний бухимдаад байдаг буруу юм байна л даа! Яг ийм үг хэлэхийг төр хүлээж байгаа гэдгийг иргэн та ойлгох хэрэгтэй. Үнэндээ, нийгэмдээ өгсөн тэр мөнгөнөөс тань төр асар их хэмжээгээр завшдагт гол нь байгаа юм.

За яах вэ, бидний татварт өгсөн мөнгө шударга, зөв зарцуулагддаг байлаа гэж бодъё (үнэндээ, ийм зүйл байдаггүй), тэгвэл эндээс юу харагдах вэ? Боловсрол, эрүүлийг хамгаалахад зориулсан мөнгө хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар ач тусаа эргээд өгдөг бол төрд зориулсан мөнгө цэвэр алдагдал болдог. Гэтэл төр-засагт байгаа тэр хүмүүс өөрсдийгөө “бага хэрэглэж байгаа” гэж илт худал хэлдэгт л либертари үзэлтнүүд дургүйцээд байгаа юм.

Х.Х: Иргэдийнх нь ухамсар өндөр хөгжсөн орнуудад “Татвар төлөгчдийн өдрийг” тэмдэглэдэггүй юм уу?

Б.Б: Татвар Төлөгчдийн Өдрийг биш харин эсрэгээр ньТатвараас Чөлөөлөгдсөн Өдрийг (Tax Freedom Day) тэмдэглэдэг. Энэ өдрийг бодож, гаргадаг аргачлалыг Адам Смитийн Хүрээлэнгийнхэн гаргасан байдаг юм.

Гэтэл манайд “татвар төлөгчдийн 7 хоногийг” тэмдэглэж байдаг. Үнэхээр утгагүй. Утгагүй ч юу байх вэ, иргэдийн харанхуй байдал дээр тоглож, нэг ёсондоо даапаалж байгаа хэрэг л дээ.

Х.Х: Татварт эргэлзэж байсан хүмүүс та нараас өөр байдаг юм уу?

Б.Б: Бүх либертари үзэлтнүүд эсэргүүцнэ. Үүнээс гадна зүв зүгээр суугаад, мөлжиж байдаг хүмүүст мөнгө өгөх нь буруу гэсэн утгатай христийн шашны нэгэн домог байдаг. “Татвар төлөх ёстой юу?” гэсэн дагалдагчдынхаа асуултад Христ хариулахдаа “Цезарьт (төрд) өгсөн зүйл Цезарийнх болно, харин Бурханд өгсөн зүйл Бурхных болно” гэж. Эндээс л төрд татвар өгөх нь зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ эхэлсэн болов уу.

Х.Х: Либертари үзэлтнүүд ингээд л хачин, хачин зүйл ярьж, өөртөө дайсан хурааж байдаг юм гэсэн яриа сонстдог юм?

Б.Б: “Төр бол бусдын хүчээр амьдрагчдын гэр орон мөн”, “Татвар бол хуульчлагдсан дээрэм” гэх мэт илэрхийллүүдээрээ бид ганц л юмыг хүсдэг. Тэр нь монголчуудын иргэний ухамсрыг сэргээх явдал юм. Төрийн нэр доор бүгсэн хэдэн хүнд “боолчлогдож” байдгаа болиосой, ядахад тийм байдлаа ойлгоосой, тэдэнд өгч буй мөнгөнийхөө хойноос санаа зовж байгаасай гэсэндээ энэ бүхнийг хэлээд байгаа хэрэг. Иргэд маань тогтчихсон гээд буй үзэгдлийн талаар жаахан гүнзгийрүүлж сэтгэдэг, юм боддог, нэг дэх үр дагавраас цааших хоёр, гурав дахь үр дагаврыг олж хардаг болох хэрэгтэй байна.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН /Улс төрийн Боловсролын Академийн зөвлөлийн гишүүн/

Хянасан: Б. АРИУНБАЯР

Шинэ мэдээ
Архив