ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ, АСУУДАЛ ШИЙДЭЛ !!!

Ц.Бүжидмаа
/Доктор (Рh.D)/

Шинэ толь №78, 2015

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ, АСУУДАЛ ШИЙДЭЛ

Түлхүүр үг:

Эхлэлийн оронд: Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, ардчиллын нийтлэг үнэт зүйлүүдийг дээдэлсэн, нэн хурдацтай даяаршиж буй мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед улс орны хөгжлийг залуурдах, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх гол хөтөч нь төрийн захиргааны шинэтгэл болж байна. 1980-аад онд эхэлсэн Захиргааны шинэтгэлийн давалгаа Монгол, Энэтхэгээс Швед, Шинэ Зеланд, АНУ хүртэлх олон улс орнуудыг хамарсан өргөн далайц бүхий өөрчлөлтийн эрин үе байлаа. Эдгээр шинэтгэл, өөрчлөлтүүд нь амар хялбар зүйл биш бөгөөд маш их зөрчил, тэмцэл, эрсдэл дунд ихээхэн зориг. тэвчээрийг шалгасан хөтөлбөрүүд байсан юм. Зарим улс орнууд шинэтгэлийг зөв хэрэгжүүлж нийгэм эдийн засгаа хөгжүүлж, санхүүгийн амжилтанд хүрсэн сайн жишээ байхаас гадна бүтэлгүйтэж, хямралд хүргэсэн явдал ч цөөнгүй байна. Иймээс бидэнд улс орнуудад хийгдэж буй захиргааны шинэтгэлийн зорилго, агуулга, бодлого стратегийг сайтар ажиглан судалж, өөрийн оронд зөв гольдрилоор нь хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Өнөө үед Захиргааны шинэтгэлийн асуудлуудыг төрийн үилчилгээний шинэтгэл, төрийн албаны шинэтгэл гэсэн 2 хүрээнд түлхүү ярих боллоо. Иймд энэхүү илтгэлдээ төрийн үйлчилгээ болон төрийн албаны хүрээнд 4 үндсэн тулгамдсан асуудлыг онцлов.

Асуудал 1. Төрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээг хангахгүй байна.

Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох эхлэл тавигдаж, нилээдгүй арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа нь сайшаалтай. Тухайлбал Шинэчлэлийн Засгийн Газар барилга барих зөвшөөрөл авахад шаардагдаж байсан 140 гарын үсгийг 70 болгож, зарцуулах хоногийн тоог 90 байсныг 70 болгох зорилттой ажиллаж байна. Үйлчилгээг иргэнд ойртуулах, шат дамжлагыг багасгах, шуурхай болгох үүднээс “Нэг цонхны үйлчилгээ’-г нэвтрүүлж, “ТҮЦ машин”-аас иргэд үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллагуудад санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэв. Цахим үйлчилгээний хэлбэрүүдийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, иргэдэд үйлчилгээний цагийн хуваарь, үйлчилгээний хэлбэр, нөхцөл, төлбөр, байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх, үйлчилгээний захиалга авах, бүртгэл хийх зэрэг ажлууд хийгдэж байна. Гэвч төрийн үйлчилгээг сайжруулах бодлого төлөвлөлтөд иргэд, анхан шатны ажилтны саналыг тусгах, эргэн тайлагнах, иргэдийн сэтгэл ханамжид тулгуурлан ажиллах тогтвортой механизм дутагдаж байна.Төрийн үйлчилгээ, бүтээгдэхүүний хүртээмж, чанарыг хянадаг, чанаргүй үйлчилгээний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулдаг үйлчлүүлэгчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байна. Үйлчилгээнд стандарт тогтоогоогүйгээс иргэнд үйлчилгээ урсгалаараа очиж байна. Үйлчилгээ иргэдийн хэрэгцээг хангасан эсэхийг үнэлэх боломжгүй байна.

Асуудал 2. Иргэд төрийн үйлчилгээг үнэлэх, хариуцлага тооцох боломжгүй, төрийн хариуцлагын тогтолцоо иргэнд тодорхойгүй байна.

Үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчлүүлэгчийн үнэлгээг төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд харгалзах тогтолцоо бий болж чадаагүй байна. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд олон нийтийн үнэлгээг харгалзах тухай журамтай ч хэрэгжилт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үнэлгээг харгалзах тогтолцоо /хууль эрх зүйн орчин, арга зүй, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн болон бусад чадавхи/ бүрдээгүй байна. Иргэн эмчид үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ авлаа гэхэд тэр үйлчилгээ иргэний хэрэгцээг хангаж чадсан эсэхийг тухайн үйлчилгээг авсан хүн биш огт өөр хөндлөнгийн хүн үнэлж байгаа нь бодит байдал дээр ч туйлын “хошин шог” үзэгдэл юм. Иргэд Засгийн газар, төрийн байгууллагууд, төрийн албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх боломжгүй төдийгүй, үнэлгээний шалгуур үзүүлэлт ч байхгүй байна. Энэ нь төрийн албан хаагчтай, Засгийн газартай, УИХ-ийн гишүүдтэй иргэд хариуцлага тооцох, амлалт нэхэх хариуцлагын тогтолцоо тодорхойгүй байгааг илэрхийлж байна.

Асуудал 3. Мэргэшсэн тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх, мерит зарчмыг хамгаалан хөгжүүлэх тогтолцоо суларч, гажуудал үүслээ.

Засгийн газар солигдох бүрд, бүр байгууллагын дарга нар солигдох бүрд төрийн албан хаагчдыг хомроглон халж байгаа нь улс төрөөс хараат бус мэргэшсэн тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд маш том сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдөр манай төрийн албанд Төрийн мэргэшсэн албан хаагчийн шалгалт өгөөгүй, аль нэг албан тушаалд түр томилогдсон, эсвэл үүрэг гүйцэтгэгчийн статустай байгаа албан тушаалтны тоог гаргавал бас сонирхолтой тоо гарах нь дамжиггүй. Хууль зөрчиж хамаатан саднаа, танил талаа төрийн албанд томилдог, тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг чадвар хангалтгүй хичнээн хүнийг төрийн албаны ширээнд нааж, иргэдийг хохироож, төрийн үйлчилгээг цалгардуулж байгааг иргэдээс ирж буй өргөдөл гомдолд шинжилгээ хийсэн дүнгээс харж болно.

Асуудал 4. Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагын тогтолцоо бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, бусад 70 орчим хуульд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг заасан байдаг. Гэсэн ч хуульд заасан хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байна. Төрийн улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхойгүй байна. Тухайлбал огцруулах, эгүүлэн татах, тодорхой хугацаанд дахин нэр дэвших эрхийг хязгаарлах тухай заалт байхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцруулах, эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэц хуралдаанаараа шийдвэрлэж, дүгнэлт гаргахаар ерөнхий байдлаар зохицуулсан байгаа нь хариуцлагын асуудлыг туйлын бүрхэг болгож байна. Түүнчлэн төрийн албаны тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэлийг зааж өгсөн боловч зарим нийтлэг үндэслэл тусгагдаагүй байна. Энэхүү илтгэлээр толилуулан буй эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар дараах саналуудыг дэвшүүлж байна.

Шийдэл 1. Иргэдийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээний стандартыг хөгжүүлж, “Үйлчлүүлэгчийг хамгаалах тогтолцоо”-г бүрдүүлье.

Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд суурилсан чанартай үйлчилгээг өртөг багатай, хүнд сурталгүй, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай хүргэх үүднээс юуны өмнө ‘‘үйлчлүүлэгчийг хамгаалах тогтолцоо”-г бүрдүүлэх нь төрийн үйлчилгээний шинэтгэлийг хэрэгжүүлэх суурь асуудал юм. Дэлхий нийтэд төрийн зүгээс иргэдийн эрхийг хөндсөн, тэдний эрхэнд халдсан үйлдлийн үр дагаврыг хэрхэн арилгах тухай онол, үзэл баримтлалыг төрийн хариуцлагын эрх зүйн судлагдахууны хүрээнд авч үздэг болсон бөгөөд нийтийн эрх зүйн салбар дахь хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн олговор олгох явдал энд голлох байр суурийг эзэлдэг болжээ. Өөрөөр хэлбэл стандартад нийцээгүй, чанаргүй ажил үйлчилгээний төлбөрийг иргэнд буцаан олгох, учирсан хохирлыг барагдуулах нөхөн төлбөр олгох, дараалал харгалзахгүй үйлчлэх, үйлчилгээг гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх замаар үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалдаг тийм тогтолцооны тухай энд яригдаж байна. Үүний зэрэгцээ Нийтийн эрх ашгийг хохироосон асуудлаар санал гомдлыг хүлээн авч, иргэдийн өмнөөс нэхэмжлэх эрхийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож, хэрэгжүүлдэг сайн туршлагууд байна. Төрийн үйлчилгээний шинэтгэлийн хүрээнд бид төрийн үйлчилгээний стандарттай болох нь тулгамдсан асуудал болоод байна. Үйлчилгээнд стандарт тогтоож хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвар, соёлтой үйлчилгээ, шударга байдал нэмэгдэж, иргэд үйлчилгээний чанарыг үнэлэх, хариуцлага тооцох боломжтой болно. Үйлчилгээнд стандарт тогтоосноор тухайн үйлчилгээний үр дүнг хэмжих хэмжүүр, тоо, чанар, хугацаатай холбоотой заалтууд, үйлчлүүлэгч гомдол санал гаргах, түүнийг шийдвэрлэх механизм болон бусад мэдээлэл иргэнд тодорхой болох юм. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар үйлчилгээний чанарыг үнэлдэг тогтолцоог бий болгож, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, хүлээлтийг тогтмол хянан үзэж, тэдний үнэлгээг харгалзах, зөвлөлдөх, санал солилцох замаар стандартын түвшинг ахиулж, илүү сайн үйлчилгээ үзүүлэх тийм шинэ менежментийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Шийдэл 2. Үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлаар үндэсний болон орон нутгийн хэмжээнд иргэдээр хэлэлцүүлэх, иргэдийн саналыг тусгаж үйлчилгээг төлөвлөх, иргэдийн сэтгэл ханамжаар үнэлэх, үр дүнг эргэн тайлагнах арга хэмжээг хэрэгжүүлэх цаг нь болжээ.

Үүний тулд гүйцэтгэлийн үнэлгээтэй холбож, үр дүнг тооцох шаардплагатай. Түүнчлэн үйлчилгээний стандартын хэрэгжилт, чанаргүй үйлчилгээний талаар иргэд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх, эргэж тайлагнах механизм бүрдүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэдийн санал, өргөдөл, гомдолд шинжилгээ хийж, тэдгээрт дурьдсан асуудлын учир шалтгааныг тогтоож, нийгмийн бүлгүүд, ялангуяа эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг тодорхойлон, бодлого, шийдвэрт тусгаж, үйлчилгээ, төлөвлөлт, зохион байгуулалтаа сайжруулдаг олон улсын туршлагуудыг судлах шаардлагатай байна.

Шийдэл З.Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хамгаалан хөгжүүлье.

Монгол улс төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах мерит зарчмыг нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ирсэн боловч нь энэ нь төдийлөн хангалтгүй байгааг олон тооны судалгааны үр дүн гэрчилдэг.

Аль ч орны Засгийн газрын үнэт капитал нь мэдлэг чадвартай, шударга төрийн албан хаагчид байдаг. Энэ утгаараа Монгол төрийн тогтвортой байдлыг хадгалах нэг нөхцөл нь Төрийн албыг улс төрөөс хараат бус мэргэшсэн тогтвортой байлгах, зөвхөн мэдлэг чадвараар нь сонгон шалгаруулдаг, албан тушаал ахиулдаг, шагнал урамшуулал олгодог мерит тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх явдал байна. Иймээс бид Монгол улсын Төрийн захиргааны шинэтгэлийг үр дүнтэй үргэлжлүүлж, түүний бодлогыг тодорхойлсон баримт бичгийг яаралтай баталж, /Монгол улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж дуусаад одоо төрийн захиргааны шинэтгэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөө гэх зүйл байхгүй урсгалаараа явж байна/ энэ хүрээнд төрийн албаны хүний нөөцийн хөгжлийн бодлогыг чиглүүлэх, мэргэшсэн чадварлаг төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг, бэлтгэдэг, сургаж хөгжүүлдэг, тэдний гүйцэтгэлийг шударгаар үнэлдэг тогтолцоог бий болгох нь чухал байна.

Шийдэл 4. “Төрийн хариуцлагын эрх зүй”-г хөгжүүлье.

Өнөөгийн байдлаар манай улсад төрийн хариуцлагын асуудал хараахан нэгэн цогц эрх зүйн салбар болж хөгжөөгүй байгаа бөгөөд эрх зүйн энэ салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байгааг судлаачид тэмдэглэсээр байна. Монгол улсад Төрийн хариуцлагын тухай асуудал өөр хоорондоо ихээхэн ялгаа бүхий хууль тогтоомжид тусгалаа олсон байдаг бөгөөд эдгээр нь харилцан зөрчилтэй, уялдаагүй байгааг Б.Чимид багш судалгаандаа тусгаж байжээ. Тэрээр төрийн хариуцлагын асуудал Үндсэн хуулийн эрх зүйн асуудал болохыг дурдаад улс төрийн хариуцлагад ихээхэн анхаарал хандуулсан байдаг. Харин төрийн хариуцлагын эрх зүй хэмээх салбарыг хөгжүүлэх нь манай Үндсэн Хуулийн тулгуур үзэл баримтлалтай нягт холбоотой болохыг судлаач Б.Буянхишиг тодруулан судалсан байдаг. Мөн төрийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх бие даасан салбар эрх зүй хөгжиж, нийтийн эрх зүйн тусгайлсан хууль тогтоомжийн кодификац бий болох хүртэл Иргэний Хуулийн суурь үзэл баримтлал, зохицуулалтыг энэ салбарт төсөөтэй хэрэглэж болох тухай өөрийн судалгааны үр дүнг тэрээр илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тусгасан байна.

Эндээс үзэхэд бидний эн тэргүүний зорилт бол “Төрийн хариуцлагын эрх зүй”-г хөгжүүлэх явдал байна. Эцэст нь төрийн хариуцлагын тогтолцоогтөрийн албаны хүний нөөцийн бүхий л түвшинд авч үзэх цогц бодлого байх ёстой. Өөрөөр хэлбэл Төрийн албанд сонгон шалгаруулж авах, ажлын байрны шинжилгээ, үнэлгээхийх, гүйцэтгэлийнүнэлгээ, сургалт хөгжлийн бодлого гээд өргөн цар хүрээнд авч үзэх ёстой асуудал болжээ. Олон улс оронд Төрийн албан хаагчид ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтоос гадна, албан тушаалтанд тавигдах мэргэжлийн шаардлага, эзэмших ёстой ур чадварууд, хүлээх хариуцлагыг нэгд нэгэнгүй тодорхойлж, албан тушаал бүр дээр цогц баримт бичиг болгож баталсан байдаг нь санамсаргүй хэрэг биш ажээ. Ийнхүү төрийн үйлчилгээнд стандарт тогтоож, хэрэгжүүлэх, үйлчүүлэгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний шинэчлэлийг нэвтрүүлж, үйлчилгээг хүргэх юрийн албаны хүний нөөцийн оновчтой бодлоготой хослуулах замаар Төрийн захиргааны шинэтгэлийг бодит үр дүнд хүргэх боломж байна.

Ц.Бүжидмаа, доктор (Ph.D)

ШУТИС-ийн БуХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга ОХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Уралын Улсын их сургууль, Төрийн удирдлагын Академи төгссөн Философич, Улс төр судлаач мэргэжилтэй, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнд ЭША, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, Улс төрийн боловсролын академи, Либерти дээд сургуулийн багш, сургалтын албаны дарга, Их Засаг Их сургуулийн Эрдэм шинэжтлгээ эрхэлсэн Захирал, Эрдмийн сургуулийн захиралаар ажиллаж байсан.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Шинэ мэдээ
Архив